Казахстаны Шимкет хотод энэ сарын 15-31-нд үргэлжилж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах XVI тэмцээнд Монголын баг зургаан дасгалжуулагч, 30 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй. Уржигдар болсон хийн гар бууны 10 метрийн дасгалд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн манай тамирчид багийн нийлбэр дүнгээр IV, V, VIII, IX байрт тус тус шалгарчээ. Өчигдрийн байдлаар өсвөрийн охидын ангилалд өрсөлдсөн, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагч, спортын мастер А.Ариунзаяа хамгийн өндөр амжилт үзүүлээд буйг Монголын буудлага спортын холбооноос мэдээлэв. Тэрбээр шигшээ наймд шалгаран медалийн төлөө өрсөлдөж, долоодугаар байр эзэлжээ. Түүний дасгалжуулагч нь Гавьяат тамирчин Ц.Мөнхзул аж.
Ж.Сувд