Вьетнамын волейболын тамирчин Нгуен Бич Түен ДАШТ эхлэхээс ердөө хэдхэн хоногийн өмнө шигшээ багаасаа гарсан нь олны анхаарал татав. Тэрбээр хүчтэй довтолгоо, зарим онцгой техник, амжилтаараа тус улсын шигшээ багийн гол хөдөлгөгч хүч байж ирсэн аж. Түүний ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон талаас нь тайлбарлаж буй. Тухайлбал, Бич Түен эршүүд төрх, булчинлаг биетэй тул хүйс тогтоох шинжилгээнд тэнцэхгүй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүн байх эрхгүй зэрэг шүүмжлэлд эмзэглэсэн байж магадгүй гэнэ. Мөн Индонез улсад зохиогдсон 21 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Вьетнамын шигшээ багийн тоглогчийг Олон улсын волейболын холбоо (FIVB)-ноос тэмцээнд оролцох эрхгүй гэж үзэн, улмаар багийг хэсгийн шатнаас хасаж, шалтгаанаа ил тод мэдээлээгүй нь Бич Түен тус холбоог шударга бус үйл ажиллагаатай гэж үзэхэд хүргэсэн байж болзошгүй гэж тайлбарлажээ. 2025 оны эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 7-ны хооронд Тайландын дөрвөн хотод нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд Вьетнамын баг 23-нд Польш, 25-нд Герман, 27-нд Кенийн тамирчинтай тоглох аж.
Д.Тамир