Япон Улсын Токио хотноо арваннэгдүгээр сарын 15-26-нд дэлхийн зуны XXV наадам болно. Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй тамирчдын энэ наадамд Монголоос 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. МҮОХ-ноос “Токио-2025” дифлимпэд оролцох баг, тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон мөнгөн дэмжлэг үзүүлээд байна. Тус наадам нь хөнгөн атлетик, усанд сэлэлтэд суурилахаас гадна бадминтон, боулинг, гольф, хөл, гар, сагсан бөмбөг, жүдо, каратэ, буудлага зэрэг спортын 18 төрлөөр зохиогддог аж. Харин өнөө жил спортын төрлийг 21 болгон хүрээг нь тэлжээ. Дифлимпийг 1924 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд эдүгээ дэлхийн чансаа өндөртэй спортын наадмуудын нэг болон өргөжөөд байна. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй тамирчдын хувьд хамгийн нэр хүндтэй олон улсын наадам нь гэдгийг МҮОХ-ныхон онцолсон. Тус наадмын үндсэн зорилго нь тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг спортоор дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, хүчин зүтгэлийг нь өндрөөр үнэлэх явдал юм.
М.Гэгээ