УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор баруун бүсэд зохион байгуулсан 26 дахь удаагийн “Tour of Mongolia-2025” дугуйн олон өдрийн уралдааны сүүлийн гараа Завханы Улиастайд болж өндөрлөв. Тус уралдаанд хурд сорьсон эрэгтэй¬ чүүдээс элит ангилалд “Catco racing team” багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Марал-Эрдэнэ тэргүүлэгчийн шар цамцаа хадгалж, улсын аваргаар дөрөв дэх удаагаа тодорсон анхны дугуйчин боллоо. Дээрх тэмцээн 1965 онд анх болоход Гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер ОУХМ Я.Баатар түрүүлж байжээ. Түүнээс хойших тэмцээнд ОУХМ Ш.Жамбал, спортын мастер Г.Ганболд, Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших нар тэргүүлсэн түүхтэй. Эмэгтэйчүүдээс Г.Энхжин (“Catco racing team”) гурав дахь удаагаа тэргүүн байрт шалгарсан юм. Тэрбээр дээрх уралдаанд 2013 оноос өрсөлдөж, 2017, 2018 онд алтан медаль хүртсэн билээ. Түүнээс өмнө Ази тивийн аварга, ОУХМ Т.Энхжаргал, Азийн хүрэл медальт, ОУХМ Ц.Солонго нар түрүүлсэн юм. Өсвөр үеийнхнээс “Хурд-Эрдэнэт” багийн тамирчин, спортын мастер Э.Сайханбилэг уралдааны турш цагаан цамцаа хадгалснаар ангилалдаа ялагч болсон. Багийн дүнгээр А.Алтансүх дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Catco racing team”-ийнхан I, Т.Ганболд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооныхон II, С.Түмэндэмбэрэл дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Хубилай хаан”-ыхан III байр эзэлсэн байна. “Шилдэг уулчин”-ы алаг цамцыг ОУХМ Э.Билгүүнжаргал (Алдар спорт хороо), “Шилдэг бариачин”-ы ногоон цамцыг Э.Болор-Эрдэнэ (Catco racing team) өмсөв.