Хөвсгөл аймагт болсон 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцсон багуудаас С.Жаргалсайхан, Б.Билгүүн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан Дархан-Уул аймгийн шигшээ баг тэмцээний турш нэг ч оноо алдалгүй тэргүүлж, удаах байрт М.Сэргэлэн, А.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийнхан шалгарч, мөнгөн медальтай нутаг буцлаа. Энэ жилийн тэмцээний уур амьсгалыг хамгийн өрсөлдөөнтэй болгосон баг бол X.Жанибек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн шигшээ байв. Тэд учраа таарсан багуудтай ана мана тоглож, амаргүй өрсөлдөгч болсноо харуулсан. Тэгвэл Б.Тэмүүлэн дасгалжуулагчтай Ховд аймгийнхан медалиас атгаад алдан IV байрт бичигдэж, тоглолтыг сонирхолтой болгон өнгөлсөн юм. Дээд шатанд 98 тоглогч өрсөлдсөнөөс авьяас, ур чадвараараа Э.Пүрэврагчаа (Дархан-Уул аймаг) шилдэг хаалгач, А.Энхжин шилдэг хамгаалагч, Д.Энхтөр шилдэг хагас хамгаалагч, Г.Төгөлдөр шилдэг довтлогчийн шагнал гардсан. Нэгдүгээр шатанд өрсөлдсөн есөн багийн хооронд гал гарсан тэмцээн өрнөж, шигшээ тоглолтод Л.Энхболд дасгалжуулагчаар удирдуулсан Хөвсгөл аймгийн баг Дорнодын тамирчидтай үндсэн цагт тэнцэж, шийдвэрлэх “тулаанд” торгуулийн цохилтоор анх удаа аваргын болзол ханган, ирэх жил дээд шатанд өрсөлдөх эрхээ авлаа.