Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл тулгардаг гол асуудлуудынх нь нэг. МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комисс Бахрейн улсад зохион байгуулах Азийн залуучуудын наадмыг угтан түүнд оролцох тамирчдыг англи хэлний вакум зусланд хамруулж буй. Эл хөтөлбөр нь тамирчдад өөрийгөө хөгжүүлж, чөлөөтэй илэрхийлэх чадвар олгохоос гадна англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх юм. Англи хэлний мэдлэг нь зөвхөн тэмцээн уралдаанд оролцоход төдийгүй, Олон улсын олимпын хороо (ОУОХ) болон Азийн олимпын зөвлөлөөс зарладаг төрөл бүрийн тэтгэлэг, сургалт, солилцооны хөтөлбөрт хамрагдахад зайлшгүй хэрэгтэй ур чадварын нэг. Спортын болон соёлын арга хэмжээг хослуулсан цогц хөтөлбөртэй эрчимжүүлсэн сургалтад оролцогчид, өдөр тутам англи хэлээр харилцах орчинд долоо хоног өнгөрүүлнэ. Тус хөтөлбөрт ширээний теннисний “Чампионс” клубээс Т.Энхжин, “М академи”-иас Б.Тарвачинбо нар хамрагдаад байна.
МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар Гавьяат тамирчин Д.Отгондалай ажилладаг. Тэрбээр 2022 оноос хойш олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдаж, Монголын тамирчдын I, II форумыг зохион байгуулсан. Түүнчлэн өндөр зэрэглэлийн болон спортын замналаа өндөрлүүлж буй тамирчидтай хамтран үе шаттай сургалт нэг бус удаа явуулжээ. Тамирчдын комисс нь спортын хамгаалал, сэтгэл зүй, боловсрол, карьер шилжилт, олимпын манлайлал зэрэг сэдвээр Монголын 400 гаруй тамирчинд сургалт, зөвлөгөө өгсөн байна.