Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарлалаа. Чансаанд манай улсаас долоон дуатлонч багтсанаас гурав нь эхний 100 байрт жагсав. Эмэгтэйчүүдээс спортын мастер А.ОюунЭрдэнэ 100 оноотой 74, Ц.Аяс 92.5 оноогоор 85, эрэгтэй¬чүүдээс ОУХМ Н.Мөнхбаяр (100) 97-д бичигджээ. Түүнчлэн ОУХМ Э.Болор-Эрдэнэ (92.50)104, спортын мастер Э.Ижилмөрөн (85.56)113, ОУХМ Н.Алтаншагай (79.15) 126, спортын мастер Б.Алтан-Оргил (73.21) 138 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Сонирхуулахад, “The world games-2025 Chengdu” наадам өмнөд хөршид болоход дуатлоны эрэгтэйчүүдийн элит төрөлд Э.Болор-Эрдэнэ дасгалжуулагч Ц.Баярхүүгийн удирдлагад оролцохдоо нэг цаг 27 минут долоон секундийн амжилтаар 31 дүгээр байр эзэлсэн билээ. Дээрх тэмцээнд Францын тамирчин, 2025 оны дэлхийн аварга Бенжамин Шокер түрүүлж, түүний араас нэхсэн Бельгийн гурван тамирчин удаах байруудад шалгарсан юм. Тэгвэл “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын триатлоны төрөлд олон улсын шүүгч Б.Тэлмэн ажиллах урилгаа гардан авчээ. Тэрбээр триатлоны спортоор Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, улсын аварга цолыг гурван удаа хүртэн 2007, 2008 онд Азийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирсэн. Бахрейн улсын нийслэл Манама хотод ирэх аравдугаар сард болох Азийн залуучуудын III наадамд 45 орны тамирчид спортын 24 төрөлд өрсөлдөнө.