Монголын хөл бөмбөгийн холбоо Боловсролын яамтай хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээний хүрээнд хамтарсан ажлын хэсгийн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Ерөнхий боловсролын газрын шинжээч Б.Дуламсүрэн, Монголын хөл бөмбөгийн холбооны Нийтийн хөлбөмбөг хэлтсийн дарга Т.Галдансүх нар оролцож, тэмцээний нэгдсэн журмыг баталжээ. Ингэснээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд 13,15 насны охид, хөвгүүдийн тэмцээн эхлэхэд бэлэн болоод буй. Ташрамд дуулгахад, хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Артур Паулино Феррейра нь 23 хүртэлх насны 23 тоглогчийн эцсийн бүрэлдэхүүнийг зарласан. Манайхан Тайландын Патум Тани хотод ирэх сарын 1-9-нд болох “AFC U23” Азийн цомын урьдчилсан шатанд тоглоно.Тэд Тайланд, Малайз, Ливан улсын багтай өрсөлдөж, Саудын Арабт ирэх жил зохион байгуулах Азийн цомын сүүлийн шатанд эрх авахын төлөө өрсөлдөх юм.