БНСУ-ын Мужу хотод зохион байгуулсан “Гран при челленж-2025” тэмцээний үеэр Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чүнвон Чу Казахстан, БНСУ, Монгол, ОХУ, Турк улсын таеквондогийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Алтайн бүсийн таеквондогийн холбоо байгуулах талаар санал солилцлоо. Энэхүү санаачилга нь Алтайн соёлын хүрээний 10 улс болох Азербайжан, Япон, Казахстан, БНСУ, Киргизстан, Монгол, Узбекистан, Туркменистан, ОХУ болон Туркийн хооронд таеквондогийн бэлтгэл сургуулилалт, сурталчилгаагаар дамжуулан найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой аж.
Уг холбоог байгуулснаар бүс нутгийн хэмжээнд эл спортыг хөгжүүлж, тамирчид бэлтгэхийн зэрэгцээ улс хоорондын соёлын солилцоо, эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх шинэлэг талбар болж чадна хэмээн оролцогч талууд санал нэгджээ. Төлөөлөгчид Алтайн бүсийн таеквондогийн холбооны анхны Ерөнхий ассемблейг ирэх сарын 26-нд БНХАУ-ын Вуши хотод болох ДАШТ-ий үеэр зохион байгуулахаар шийдвэрлэв. Гишүүн орнууд уг холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгож, Алтайн бүсийн таеквондогийн АШТ-ийг зохион байгуулах анхны хотыг тодруулах нь. Алтайн гэх нэр томьёо нь Зүүн хойд Ази болон Төв Азийг хамарсан түүх, соёлын гүн гүнзгий холбоог илтгэдэг. Тус бүс нутгийн орнууд Алтайн нурууг тойрсон нийтлэг өв, уламжлал, хэлний угсаа гарлаар холбогддог байна.