Хорват улсад энэ сарын 21 хүртэл үргэлжлэх чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлагад зодоглож байна. Тус тэмцээний эхний өдөр багийнхаа шагналын салхийг хагалж, 70 кгын жинд ”Хүч” спорт хорооны тамирчин, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Т.Тулга Загреб хотын дэвжээнд үзүүрлэлээ. Тэрбээр эхний тойрогт Молдавын тамирчин Василе Диаконыг 2:0, дараагийнхад Болгарын Михаил Илиев Георгиевыг цэвэр ялж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Шигшээ наймд Гүржийн Кемертелизи Аказиг 11:0-ээр буулган авч, хагас шигшээд Казахстаны тамирчин тив, дэлхийн аварга Нуркожа Кайпановыг 5:2-оор илүүрхсэнээр финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд “Тирана-2024” ДАШТ-ий мөнгөн медальт, “Бишкек-2024” Азийн АШТ-ий мөнгөн медальт, Японы тамирчин Аояги Ёшиносүкэтэй өрсөлдсөн ч ялагдаж, дэд байрт шалгарав.
Г.Бат