Японы нийслэл Токио хотод энэ өдрүүдэд хөнгөн атлетикийн ДАШТ болж байна. Тус тэмцээний марафоны төрөлд жинхэнэ дуулиан дэгдэж, ялагчийг фотофинишээр тодрууллаа.
Хэргийн гол нь марафон бол ялагчийг фотофинишээр тодруулдаг спорт биш юм. Харин Токио хотод ийм түүхэн үйл явдал тохиож, Танзанийн Альфонс Симбу, Германы Аманал Петрос марафоны 42.195 км зайг адилхан хоёр цаг, есөн минут, 48 секундэд туулав. Дэлхийн аваргыг тодруулахын тулд анх удаа технологи ашигласны үр дүнд Симбу өрсөлдөгчөөсөө 0.03 секундээр түрүүлж барианд орсон нь тодорхой болсон байна. Ялагчийг тодруулсан түүхэн үйл явдлаас гадна уг ялалт Танзани улсын хувьд онцгой ялалт болж өнгөрлөө. Учир нь тус улсаас өмнө нь хөнгөн атлетикийн дэлхийн аварга төрж байгаагүй юм.
Марафоны дийлэнх хугацаанд бусад гүйгчийг тэргүүлсэн А.Петрос энэ мэдээг сонсоод шоконд оржээ. “Ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй. Яг л 100 метрийн уралдаан шиг байлаа. Ялалтдаа дэндүү итгэлтэй байсан учраас их гайхаж байна. Өнөөдөр миний хувьд маш үнэ цэнтэй туршлага боллоо” хэмээн тэрбээр WorldAthletics-т ярьжээ.
Алт, мөнгөн медалийн эздээс гадна хүрэл медальтан ч барианд тун ойрхон орж ирсэн байна. Гуравдугаар байрт шалгарсан Италийн И.Ауани ялагчаас таван секундээр хоцорч барианд орсон аж. Түүнчлэн марафоны эхний хоёр байрын хоорондох зөрүү нь 100 метрийн гүйлтэд түрүүлсэн хоёр тамирчныхаас ч бага байжээ.
“Токио-2025” тэмцээний гүйлтийн төрлийн нэг, хоёрдугаар байрын зөрүү
Төрөл Зөрүү
Марафон (эр) 0.03 секунд
100 метр (эр) 0.05 секунд
10 000 метр (эр) 0.06 секунд
Н.Энх
