Хорватын Загреб хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан амжилт гаргасаар байна. Бид өмнөх дугаарууддаа эрэгтэйчүүдээс 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Алтжин хүрэл медаль хүртсэнийг мэдээлсэн билээ. Тэгвэл тэдний амжилтыг буухиалж 65 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Энхжин хагас шигшээд шалгарсан. Түүнтэй медалийн төлөө хүч сорих бөх ДАШТий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга АНУ-ын тамирчин Эллен Килти байв.
Дэвжээнд эн тэнцүүхэн өрнөсөн барилдаанд Т.Энхжин өрсөлдөгчөө 4:2-оор буулган авч, Монголын багийн гурав дахь медалийг хүртэв. Түүнчлэн тив, дэлхийн медальтнуудаас эмэгтэйчүүдийн 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон шигшээ наймд АНУ-ын бөх Адауго Нвачуквуг 5:2-оор ялж, хагас шигшээд “Парис-2024” олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Японы тамирчин Сакура Мотокитэй таарсан ч цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэгвэл 53 кг-д Азийн мөнгөн медальт Ц.Намуунцэцэг шигшээ 16-д БНАСАУ-ын тамирчин, “Парис-2024” олимпын хүрэл медальт, Ази тивийн аварга Чое Хё Гёнд дийлдэв. Чое Хё Гён финалдвал Ц.Намуунцэцэг дагаж барилдаан хийнэ. Мөн 68 кг-д оролцсон ДАШТий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа эхний тойрогт гоц мөргөсөн ч дараагийнхад БНХАУын тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга Лун Жятайд 12:6-гаар ялагдсан юм. Дэлхийн аварга Лун Жя аваргын төлөө шалгарвал тэрбээр дагаж барилдаанд гарах нь.
Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 130 кг-ын жинд зодоглох Б.Намбардагва эхний тойрогт Украины бөх, Европын АШТ-ий хүрэл медальт Микола Кучмитэй зодоглоно. Түүний хувьд энэ жил дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.