Хорватын Загреб хотод зохион байгуулсан насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид өрсөлдөж, дөрвөн медальтай өндөрлүүлэв. Бид өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д өрсөлдсөн, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Алтжин, 65 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Энхжин нар хүрэл медаль хүртсэнийг мэдээлсэн билээ.Тэгвэл сүүлчийн өдөр 62 кг-д тив (Бишкек-2018”), дэлхийн аварга (“Парис-2017”), Гавьяат тамирчин П.Орхон медалийн төлөөх барилдаанд Африк тивийн гурван удаагийн аварга, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигер улсын тамирчин Эстер Омолаёо Колаволитой хүнд барилдаан өрнүүлсний эцэст 6:5-аар ялсан юм. Тэрбээр найман жилийн дараа Загребийн дэвжээнд дахин ялалт байгуулж, Монголын багт дөрөв дэх медалийг авчирсан юм. Энэ удаа эрэгтэй тамирчид нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр IX, эмэгтэйчүүд гурван хүрэл медаль гардаж, VII байрт жагслаа.