БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулж буй жүдо бөхий гран при тэмцээнд Монголын 15 тамирчин үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлагад зодоглов. 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин хүч сорьсон тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат багийнхаа шагналын салхийг хагалж хүрэл медаль хүртсэн. Түүний амжилтыг үргэлжлүүлж 66 кг-д Гавьяат тамирчин Ё.Басхүү бүх өрсөлдөгчөө ялж, алтан медаль гардлаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам хүрэл медаль зүүжээ. Тэмцээний хоёр дахь өдөр Гавьяат тамирчин Л.Энхрийлэн БНСУ, БНАСУ, Словени улсын тамирчныг буулган авч, аваргын төлөө шалгарсан. Тэрбээр шийдвэрлэх барилдаанд Францын тамирчин Монан Декетерд ялагдаж мөнгөн медалийн болзол хангав. Энэ нь гран при ангилаас хүртэж буй түүний хоёр дахь шагнал болж байна. Манайхаас олон улсын шүүгч Г.Нямцогт тус тэмцээнийг дэнсэлжээ. Монголын жүдочид одоогоортус бүр нэг алт, мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар III байрт жагсаж байна.