БНСУ-д зохион байгуулсан сонгодог дартсын Дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ баг 47 улсын тамирчидтай ур чадвараа сорилоо. Таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд өсвөр үеийнхний ангилалд М.Тэлмэн аваргалж, түүхэн ялалтыг багтаа авчирлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэхтоглолтод ХБНГУ-ын тамирчин Этан Пулхамыг 4:3-аар хожсон юм. Тэгвэл охидын ганцаарчилсан төрөлд Б.Энэржин хүрэл медаль хүртэж, амжилтыг буухиаг үргэлжлүүлэв. Түүнчлэн тэд өсвөр үеийнхний холимог хосын төрөлд өрсөлдөн III байрт шалгарчээ. Тэгвэл охидын хосын төрөлд өсвөр үеийнхний шигшээ багаас О. Мөнхтуяа Б.Энэржин нар тоглон, мөн хүрэл медальтай өндөрлүүлж байна. Энэхүү амжилт нь манай тамирчдын уйгагүй хөдөлмөр, шаргуу бэлтгэл, эв нэгдлийн үр дүнд Монголын дартсын спортыг олон улсын тавцанд гаргаж буй томоохон бахархалт үйл явдал боллоо. Тус тэмцээний тоглолтыг манай улсаас олон улсын зэрэглэлтэй найман шүүгч дэнсэлсэн юм.
Сонирхуулахад, дээрх тэмцээний үеэр Монголын сонгодог дартсын холбооны удирдлага Австрийн дартсын холбоотой хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар болжээ.