Өмнөд хөршийн Чиндао хотод зохион байгуулсан жүдо бөхийн гран при тэмцээний сүүлчийн өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар “Их дуулга” тэмцээний аварга, ОУХМ Б.Гончигсүрэн тэргүүлэв. Тэрбээр аваргын төлөө Словак улсын тамирчин Мариус Физерийг даралтаар цэвэр ялж, гран пригаас анх удаа алтан медаль хүртжээ. Энэ удаа манайхан хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилтаар 26 орноос Япон Улсын ард II байрт бичигдлээ. Монголын багийн араас Франц, ОХУ, БНХАУ эрэмбэлэгдсэн байна. Чиндаогийн гран прид оролцсон орнуудаас долоон нь Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Дараагийн гран при Перугийн Лима хотод ирэх сарын 11, Мексикийн Гуадалахар хотод 17-нд эхлэх нь.