Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн ирэх сарын 3-наас “Аса” аренад өрнөнө. Лигийн тоглолтод баг бүр легионер тамирчидтай оролцдог. Эрэгтэйчүүдийн багаас “Алтайн барс” клубийнхэн Парисын олимпын волейболын тэмцээнд өрсөлдсөн Японы шигшээ багийн тамирчдаас Юү Кошикаваг эгнээндээ нэгтгэв. Тэрбээр багийнхаа хамгийн хүчтэй давуулагч. Олон улсын тэмцээнд багаа ахлан нэг бус оролцохдоо тоглох ур чадвар, техник, үсрэлттэй давуулалтаараа хожилд хөтөлснийг волейболын хорхойтнууд мэднэ. Үүнийгээ ч ДАШТ, “Дэлхийн цом”, олимпын наадмын тэмцээнд батлан харуулсан. 2002-2009 онд улсынхаа шигшээд тоглож, 2009–2012 онд Италийн лигт легионероор оролцсоныхоо дараа 2022 он хүртэл Японы “Premier league” болон “Division 2”-т тоглосон өндөр түвшний туршлагатай тоглогч. Сонирхуулахад, БНСУ-ын волейболын домогт тамирчин Ким Ён Күн өнгөрсөн гуравдугаар сард тамирчны карьераа өндөрлүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж, олон жил тоглосон өөрийн хувийн 10 дугаараа шигшээ багийнхаа ахлагч Пак Чон А-д шилжүүлсэн билээ. Спортын талбараас эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлж дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн тэрбээр “Wonder dogs” клуб байгуулан Монголын тоглогчдоос “Энагурэ” багийн ахлагч С.Булгантамир, Монгол Улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэвийн охин Энхсоёл нарыг багтаа авчээ. Тэд түүний удирдлагад бэлтгэл сургуулилалт базааж, БНСУ-ын дээд лигийн болон Японы ахлах сургуулиудын волейболын багтай аялан тоглолт хийсэн байна.