МАН-ын талцлын хайныг АН хагалах нөхцөл байдал үүсээд буй билээ. Эрх баригч намын УИХ дахь бүлгийн 68 гишүүн 35:33-аараа хуваагдсан. Хоёр хүнээр илүүрхсэн хэсэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндсэн зорилготой байгаа. Эхний ээлжид тэд албан тушаал болон гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэр холбогдсон хэргээ шалгуулах ёс зүйн шаардлагыг спикерт тавьсан. Хүч арай дутсан тал нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад буй. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 08.30, нэгдсэн чуулган 10.00 цагт хуралдан уг асуудлыг хэлэлцэхээр тов тогтоосон байна.
Эл хоёр талын аль алинд нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын нийт гишүүний олонх буюу 64 хүний санал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөрсдийг нь дэмжих өөр 30 хүн шаардлагатай юм. Парламентад суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийнхнийг тэд “хувааж” аваад буй. Ингээд ч олонхыг бүрдүүлэхгүй. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах уу, эсвэл УИХ-ын даргыг явуулах уу, бүр хоёуланг нь үдэх үү гэдгийг УИХ-д 42 суудалтай АН-ынхан шийдэх болоод байна.
ХЭН ХЭНИЙ ТАЛД ВЭ
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэж буй. Гэвч П.Сайнзориг гишүүн бусад намаас хэн, хэдэн хүн дэмжсэн тоогоо хэлэхгүй байгаа. Жижиг намууд ч дотроо хоёр хуваагджээ. ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар болон М.Нарантуяа-Нара гарын үсгээ зурсан бололтой юм. Р.Батболд, С.Замира нар нь “нөгөө талд” буюу УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж, Г.Занданшатарын талд зогслоо хэмээн Нара ихэд уурсаж явна. ХҮН намынхан ч 7:1-ийн харьцаагаар хуваагджээ. Засгийн газраа хамгаалж үлдсэн ганцыг нь Т.Доржханд гэж андуурав. Мань эрийг эл танхим дахь эрх мэдлээ үхэн хатан хамгаалах болов уу гэж бодсон ч гурав дахь Засгийн газартаа улирах их санаа агуулж яваа гэнэ. Тус намаас Ж.Золжаргал гишүүн л Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд гарын үсэг зуралгүй үлдсэн юм байна. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Унхиагүй, асуудал дагуулдаг Засгийн газрыг огцруулж, чаддагаараа бид орж ажиллая” хэмээн шулуухан мэдэгдсэн. Тус эвслээс А.Ундраа гишүүн түүнтэй санал нэгдсэнгүй. Тэгэхээр нийт гурван хүн дэмжсэн байх нь. Ийнхүү ХҮН намын долоо, Үндэсний эвслийн гурав, ИЗНН-ын хоёр гишүүн Д.Амарбаясгалангийн талд хүч нэмж, 45лаа болжээ. Гэвч Ерөнхий сайдыг огцруулахын тулд нийт гишүүний олонх буюу 64-өөс дээш хүн дэмжих ёстой. Тиймээс тэдэнд ахин 20 орчим гишүүний санал дутна. Тэднийг АН-аас “олох” ёстой гэсэн үг.
Юуны өмнө АН сөрөг хүчин гэдгийг санах хэрэгтэй. Эрх баригч намынхан дотроо талцаж, өөрсдөө Засгийн газраа огцруулах гэж байхад “хөндлөнгийн” АН-д танхимыг нь хамгаалах шалтгаан үгүй. Э.Бат-Үүлээс эхлээд “Хэнийг нь ч огцруулах байсан дэмжээрэй” гэсэн зөвлөгөө өгөөд буй. Ч.Лодойсамбуу гишүүн ч ийм байр сууриа илэрхийлсэн. Түүн дээр АН-ын экс дарга Л.Гантөмөр, гишүүн Ц.Туваан, О.Алтангэрэл, Э.Одбаяр, Л.Мөнхбаясгалан тэргүүтэй голдуу Женкогийн талынхан нэгдсэн сураг байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан сайд нараас нь хуучин даргынхаа талд зогссон гэх. Нийт 12 хүн нэгдсэн тухай зарим сайтад мэдээлсэн байна лээ. Тэднийг нэмбэл 60 орчим гишүүн болох ч огцруулах саналд арай л хүрэхгүй нь. Гэхдээ уг асуудлыг АН-ын бүлэг албан ёсоор хэлэлцээгүй, нэгдсэн байр сууриа гаргаж амжаагүй байна. Үүнээс хамаарч тоо өөрчлөгдөнө.
УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох, “ирц” бүрдвэл огцруулах асуудал хөндөх талынхан 35 гишүүн дээр АН-ын бүлгийн 28 хүн нэмэгдэнэ. АН-ын бүлгийнхэн тэдний мэдэгдлээс ч өмнө “Авлига, албан тушаалын ноцтой гэмт хэрэгт холбогдсон хүн нэгдсэн чуулганыг удирдах нь ёс зүйгүй үйлдэл, тиймээс асуудлаа нэг тийш болго” хэмээн шаардсан билээ. Энэ бол АН-ын бүлгийн нэгдсэн байр суурь. УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед АН-ын бүлгийн гишүүд “Д.Амарбаясгалан нэгдсэн чуулганыг удирдах ёс суртахууны эрхгүй”, “Г.Занданшатарын эзэнгүйдсэн төсвийг буцаа”, “Засгийн газар эмч, багш нарын цалинг нэм” гэх мэт лоозон урдаа тавин суусан юм. Үүгээрээ тэд бүлгийн уг байр сууриа баталгаажуулав. Гэхдээ Б.Энхбаяр гишүүн ноцтой мэдээлэл хийснээс хойш Д.Амарбаясгалан нэгдсэн чуулган удирдаагүй, дэд дарга Х.Булгантуяа түүнийг орлож байгаа билээ. Тэдэн дээр ХҮН намын Ж.Золжаргал, ИЗНН-ын хоёр, Үндэсний эвслийн нэг гишүүн нэмбэл 67-лаа болж, УИХ-ын нийт гишүүний олонхын босгыг давж байна. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслөө удахгүй албан ёсоор өргөн барина хэмээн Д.Энхтүвшин гишүүн ярьжээ.
УИХ-ын даргын тухайд үнэхээр буруугүй бол албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулахад цааргалах юмгүй баймаар. Мөн гэмт хэрэгт холбогдсон нөхцөлд үүнийгээ шалгуулж, буруугүйгээ нотлох хүртэл хууль тогтоох байгууллагыг удирдах нь ёс зүйд яавч нийцэхгүй.
Хэдийгээр албан бусаар АН-ынхан хоёр асуудлаар харилцан адилгүй байр суурьтай байгаа ч Ерөнхий сайдыг огцруулах талд гарын үсгээ зурсан хүмүүсийн нэг гэж буй Х.Тэмүүжин гишүүн “Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргад хариуцлага тооцох хоёр бичгийн аль алинд АН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй. УИХ-д асуудлыг оруулаад ирвэл аль алийг нь дэмжинэ. Эрх барьж байгаа нам өөрөө Засгийн газар, УИХ-ын даргадаа итгэл үзүүлэхгүй гэж буй бол АН “Итгэл үзүүлээч гэхгүй” хэмээн ярьжээ. Сөрөг хүчний хувьд уг нь энэ л зөв байр суурь байх ёстой. Гэхдээ улс төр яаж ч эргэж мэднэ. АН-ын бүлэг аль алийг нь огцруулахыг дэмжих үү, эсвэл нэг талд нь орох уу гэдэг нь өнөөдөр тодорхой болно.
БОЛОМЖИЙГ ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР ЭРГҮҮЛ
Эрх баригч намын “хувь заяа”-г яг одоо АН атгаж байгаа. Тийм ч учраас МАН-ын хоёр бү¬ лэглэлийнхэн АН-ынхныг “царайчилж” буй. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд нэг хүний гарын үсгийг 100 мянган ам.доллароор үнэлж бичүүлсэн тухай мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Мөн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулж, 1980-аад оныхны бүлэглэл Ерөнхий сайдаа авбал АН-д долоон квот өгнө гэсэн тухай улс төрийн хүрээнд ярьж байна.
АН-ынханд одоо хэд хэдэн сонголт бий. Юуны өмнө сөрөг хүчин атлаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахгүй гэсэн товчлуурыг бүлгээрээ дарах нэг зам бий. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Засгийн газрыг хамгаалсан байр суурьтай байгаа тухай “хэрүүлийн алим” шидээд эхэлсэн байна лээ. Сүүлийн хэдэн жилд МАН үнэмлэхүй олонх байхдаа үүсгэсэн нөхцөл байдлын бурууг 100 гаруй хонож буй Засгийн газраас хайх нь өрөөсгөл. Тиймээс АНынхан улс орны тогтвортой байдлыг бодоод ийм сонголт хийх магадлал байж болно.
Эсвэл хүсээд байгаа дэмжлэгийг нь өгч, Засгийн газрыг огцруулна. Ингэвэл тэдэнд дараагийн танхимд хамтрах, эсвэл үргэлжлүү¬ лэн сөрөг хүчнээ хийх хоёр сонголт бий. Нэгдүгээрт, үнэхээр л АН-ын дэмжлэгийг авахын тулд улс төрийн тохиролцоо хийснийг баталж, дахин Засгийн газарт орох. Улс төрд намын, хувийн эрх ашиг нь нэгдүгээрт байдаг учраас ийм шийдвэр гаргавал гайхах хэрэггүй. Гэвч 2028 онд АН улс төрийн тавцангаас арчигдах ирээдүй л энэ шийдвэрийнх нь ард хүлээх болно. Учир нь Д.Амарбаясгалан бол Л.ОюунЭрдэнэ гэсэн үг. Тэд зоосны хоёр тал. Тэгэхээр Засгийн газрыг унагаснаар “хаан” болтлоо эрх мэдлээ тэлсэн, таван жил Ерөнхий сайд хийхдээ ардчиллын үнэт зарчмуудаас ухрааж, дарангуйллаа тогтоож байсан хүнийг буцаан гаргаж ирэх нь. Түүнийг яаж арайхийн огцруулсныг мартах учиргүй. Тиймээс дахин гарч ирэхэд нь тусалбал АН-ынхан тэдний лайг үүрэлцэж, өөрсдөө хоолойгоо боож байгаатай адил зүйл болох юм.
Хоёрдугаарт, үүсээд буй нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, нэр хүндээ, намдаа итгэх иргэдийн итгэлийг өсгөх, улмаар дараагийн сонгуулиар олонх болоод эргэн ирэх боломж байна. Тэр бол ямар ч нөхцөлд сөрөг хүчнээрээ үлдэх юм. Хүчтэй сөрөг хүчин байж эрх баригчдын бурууг засаж, зөвийг дэмжиж ажиллах арга зам. Ард түмэн АН-ыг хүчтэй сөрөг хүчин бай л гэсэн. Эхний удаа тэд итгэл эвдсэн. Гэхдээ буцаад сөрөг хүчний байр суурьд ирэхэд нь уучилсан. Тиймээс иргэдийн сонголтыг дахин бүү үл хүндэтгэ. Урт наслахгүй дараагийн Засгийн газарт түр зуур зөөлөн сэнтийд сууж, МАН-ын хаяаг бараадан, улс төрийн тавцангаас дахин арчигдах уу. Эсвэл бүрэн эрхээ дуустал сөрөг хүчин хийгээд олуулаа болоод ирэх үү. Тэдний сонголтыг харж байя.