Б.Алтанчимэг хэмээх насандаа баймгүй хэрсүү, дайчин зантай, зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмүүлдэг шавилхан охиныг монголчууд мэддэг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Тэрбээр гаргасан амжилтаараа олонд танигдталаа чимээгүй хөдөлмөрлөсөн. Тэр ч байтугай бокс, олон улсын таеквондо, жиү жицүгээр хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ эхэндээ тас нууж, хэдэн сар бэлтгэл хийсний дараа ээждээ хэлэхэд харин ч дуртай дэмжсэн гэдэг. Охиноо амаргүй спортод хөл тавихад нь нэг их дургүйцээгүй ч бэртэж, гэмтсэн үед нь сэтгэл зовнидог байжээ. Тулааны төрлүүд олон, өөрийн гэсэн онцлогтой. Арга барил, техникээрээ ч ялгаатай. Үүнээс холимог тулаан бөхийн болон бие хамгаалах бүх төрлийн техникийг өөртөө багтааснаараа өвөрмөц. Түүнд сонирхож бэлтгэл хийсэн анхны өдөр нь тэс өөр ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрүүлжээ.
Хоёр жил шаргуу хичээллэхдээ өөрийгөө хөгжүүлж, хийх зүйлээ олохыг байнга эрмэлзэж ирсэн нь холимог тулаанд хөл тавихад хөтөлсөн. Олон улсын таеквондогоор хичээллэхдээ хөлөө гэмтээж, бэртлээ эдгээтлээ нэг хэсэг завсарлав. Түүнд тулааны спортоор хичээллэх суурийг зөв тавьж, техникүүдийг нь нэгбүрчлэн заасан ачтан бол ОУХМ, боксын дасгалжуулагч, “Оne team” клубийн үүсгэн байгуулагч Шагдарын Ганбаатар багш. Багш, шавь хоёр холимог тулаанаар хичээллэх талаар нэлээд ярилцаж, бэлтгэл сургуулилалтаа базааж эхэлсэн тэр үеэс амжилтын жим зурайж эхэлсэн юм.
Тэрбээр жиү жицүгийн цэнхэр бүстэй. Багш нь шавиа мөн л үүгээр давхар хичээллүүлж, гар, хөлийн өчилт, гурвалжин боолт зэрэг техник сурахад анхаарал хандуулжээ.
Спортын төрөл бүрд давуу тал бий. Тамирчин хүн ялалт, ялагдал гэхгүйгээр бие даах, өөрийгөө хөгжүүлэх гээд олон зүйл суралцдаг. Холимог тулаанаар хичээллэхэд таеквондогоос өшиглөлт, боксоос заавал цохилт сурна гэсэн баригдмал ойлголт байдаггүй. Хэдий чинээ спортод цаг зав гаргана тэр хэрээр зөв хүн болж хүмүүждэгийг тэрбээр үеийнхээ залууст харуулж яваа. “Их засаг” их сургуульд аюулгүй байдал эрх зүйч мэргэжлээр сурдаг түүнийг сургуулийнх нь удирдлагууд сайн дэмжиж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулдаг байна. Тамирчдад цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл. Чөлөөт цаг маш бага гардаг тул өглөө хичээлдээ гүйх, өдөр нь бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцох, гэрийнхээ ажилд туслах, ойр дотнынхоо хүмүүст анхаарал хандуулах гээд түүний хувьд завгүй өнгөрдөг ч бүхнийг амжуулахыг хичээж ирсэн. Залуу насандаа олон зүйл амжуулж болох ч хүн л юм халширч, шантрах саад бэрхшээлтэй нүүр тулна. Тийм үед багштайгаа, бас өөртэйгөө ярилцаж, урам зориг, эрч хүч авч, хурцалдаг аж.

Хэцүү санагдсан үед анх хэрхэн эхэлснээ бодох дуртай түүнд багш нь “Энэ зааланд 10 хүн орж ирэхэд ердөө нэг нь тамирчин болдог. Эсвэл бүр болохгүй ч тохиолдол бий. Чамд маш их боломж байна. Одоо л ашиглаж ав. Хүн болгонд ийм боломж олддоггүй юм. Зүтгээд бай” гэж зөвлөн алдааг нь засаж, зөв рүү чиглүүлсэн гэдэг. Холимог тулааны УАШТ-д түрүүлсэн тамирчдад ДАШТ-д оролцох эрх өгсөн нь түүний хувьд том боломж, Узбекистанд өөрийгөө сорих зорилго, тэмүүллийнх нь эхлэл байлаа. Тиймээс хавар хичээл тарж, зуны амралт эхлэхтэй зэрэгцээд ДАШТ-д оролцох замынхаа зардлыг олохын тулд барилга дээр ажилласан гэдэг. Түүний талаарх нэвтрүүлэг зурагтаар гарахад олон хүн үзэж, сайхан сэтгэлтэй зарим нь зардлын мөнгө нэмэрлэсэн нь том тус болсон
Дэлхийн тэмцээнд улс бүр шилдгүүдээ илгээдэг. Эх орноо төлөөлж оролцоно гэдэг тамирчин хүний хувьд өндөр үүрэг, хариуцлага. Багш нь шавиа хэрхэн бэлдсэнээ, бас ур чадвар хэр эзэмшсэнийг нь харахыг зорьж, ДАШТ-д сойсон нь хамгийн зөв алхам байв. Ташкент хотод зохион байгуулах холимог тулааны 10 дахь удаагийн ДАШТ-ий залуучуудын ангилалд 61.2 кг-ын жинд өрсөлдөхөөр түүнийг хилийн дээс алхахад гэрийнхнээс нь өөр хэн ч мэдээгүй. Тэмцээнд оролцоход олны итгэл найдвар, хү¬ лээлт нэг талаар дарамт болдог тул хүмүүст хэлэлгүй чимээгүйхэн явсны учир нь энэ. Тэнд тэмцээнтэй өдрүүдэд хэнтэй ч холбогдоогүй, зөвхөн тулаандаа анхаарал хандуулав.
Дэвжээнд хэнтэй ч таарсан ялна гэсэн бодол зоригжуулжээ. Эхний тулаанаа эзэн орны тамирчинтай өрнүүлэхэд босоогоос тулалддаг, боксын цохилт хийж, хөлөөрөө өшиглөх нь түүний арга барил, техник төстэй байж. Нутгийнх нь тулаанчтай ижил түвшинд тулалдахгүй бол зохион байгуулагч улс гэдгээр ялалтыг өгөх магадлал өндөр. Тиймээс хожихын тулд өрсөлдөгчөөсөө өрсөж, ухаан, ур чадвар, хүч гаргах л чухал байв. Гурван үе тулалдан шүүгчдийн саналаар ялалт байгуулахад тулааны өмнө багийнхантайгаа зөвлөлдөн, дэвжээн дээр юу хийхээ тооцоолж ярилцсан нь ийн нөлөөлжээ. Хэсгийн аваргын төлөө тулалдах Словак улсын Европын аварга тамирчин түүнээс өөр.

Босоогоос тулалдаж, барилддаг онцлогтойг нь судалж мэдсэн болохоор тэрбээр тактикийн тулаан өрнүүлсэн ч II үед барилдан, боолтоор хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв. Тэрбээр тэмцээний дараахан ярилцлага өгөхдөө энэ тухай “Словакийн тамирчинтай барилдаж болохгүйг мэдэж байсан хэрнээ л барилдсан. Ялагдал минь надад том сургамж болж, олон зүйлийг ойлгуулсан даа. Өрсөлдөгчөө ялж, шагналын тавцанд зогсдог болохоор хүрэл медалийг бэлгэшээдэг гэж тамирчдын ярихыг цөөнгүй сонсож байлаа. Миний хувьд чадна гэсэн бодолтой тулалдсан болохоор энэ спортоос сурсан бүхнээ, бас өөрт байгаа зүйлээ дайчилж гаргасан. Эх орнынхоо нэрийг дуудуулах сайхан. Би монгол хүн болж төрснөөрөө их бахархдаг. Холимог тулааны ДАШТ-д тамирчид өөрийн ур чадвар, тулааны онцлогоо харуулсан. Санаанд орж байгаагаар миний жинд Украйны аварга тамирчин үнэхээр сайн байлаа. Түүнээс өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэл, барилдааны чадвар гээд өөрт дутагдаж байсан зүйлээ олж харсан. Амархан ирдэг амжилт байхгүй шүү дээ. Миний хувьд дөнгөж эхэлж байгаа болохоор эцсийг нь хүртэл явна. Дэлхийн дэвжээ хол биш. Энэ бүхэн бодол, сэтгэлд ойрхон байсныг ойлгосон. Тэр хэрээрээ туршлага хуримтлууллаа. Цаашдаа мэргэжлийн түвшний тамирчин болохын төлөө хичээнэ” хэмээн өгүүлсэн удаатай. Тэрбээр ингэж хэлснийхээ дараа Ташкентаас түрүүлэх зорилго өвөртөлж ирснээ хэрэгжүүлэхээр хичээсэн.
Хүн үнэхээр хүсвэл хүрч чадахгүй зүйл гэж байдаггүйг энэ удаагийн ДАШТ-д харууллаа. Тбилиси хотод болсон “Гүрж 2025” тэмцээнд манай улсын баг тамирчид 80 орны 1000 гаруй тулаанчтай амжилттай өрсөлдсөнөө Монголынхоо үзэгчдэд дуулгаж, ялалтын мэдээгээр аравдугаар сарын 1-нийг эхлүүлэв. Тус өдөр эмэгтэйчүүдийн -65.8 кг-ын жинд “One team fighting center”-ийн тамирчин, “Их Засаг” их сургуулийн аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн оюутан, ОУХМ Байгалмаагийн Алтанчимэгийн Ангол улсын тамирчин Надир Виейраг тулааны II үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч, дэлхийн аваргаар тодорсон баярт мөч байлаа. Түүний амжилт Монголын холимог тулааны спортын түүхэнд дахин нэг шинэ хуудас нээж, үүгээр сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг өгсөн юм.