Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордох аж. Түүний айлчлал энэ сарын 16 хүртэл үргэлжлэх юм.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэхүү айлчлал тохиож буй. Үүний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмутай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийнэ. Улмаар хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн билээ.
С.Уул