Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, Азийн насанд хүрэгчдийн хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяр тивдээ амжилтын чансаагаар 295.93 оноогоор III байрт эрэмбэлэгджээ. Олон улсын дугуйн холбооны олгосон оноогоор түүний өмнө Казахстаны мэргэжлийн дугуйн “XDS Astana” багийн тамирчин Евгений Федоров (569.33) жагсаалтыг тэргүүлж буй бол Тайландын тамирчин, Азийн мөнгөн медальт Чаучжанкванг Пиерапол (355 оноо) дараа нь бичигдэж байна. Манай тамирчин Руанда улсын Кигали хотод өнгөрсөн сард зохион байгуулсан засмал замын дугуйн ДАШТ-д хурд сорьсныхоо дараа үргэлжлүүлээд БНХАУ-д энэ сарын 12-14-нд болсон “Tour of mentougoe” олон улсын уралдаанд оролцож, Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ.