Үйлчилгээний Гавьяат ажилтан, хоол, хүнсний инженер-технологич, идэвхтэн бичигч
Шатрын дэлхийн аваргын төлөө өрсөлдөх бүс хоорондын тэмцээнд Л.Мягмарсүрэн 1966, Т.Үйтүмэн 1972 оноос оролцож эхэлснээс хойш 60 гаруй жилд Монгол Улсын эрэгтэй 10, эмэгтэй найм, нийт 18 мастер, дэлхийн аварга 18, их мастеруудтай бүгд 56 өрөг тоглосны 10-ыг нь хожиж, 28-нд нь ялагдсан, 11-тэй нь тэнцэн нийтдээ 21 оноо авсан гэх бүрэн бус мэдээ бий. Энэ дүнг тамирчдаар тодотговол Т.Үйтүмэн дөрвөн аваргатай учирч 1.5, С.Хандсүрэн хоёр аваргатай тулалдаж 1.5, Ц.Лхагвасүрэн 0.5, Б.Мөнгөнтуул зургаан их аваргатай 14 өрөг тоглон зургаа хожиж, гурав тэнцсэнээр 7.5 оноо цуглуулж, бусад мастеруудаа хошуучлан манлайлжээ. Монгол Улсын шатрын холбоо Дэлхийн шатрын холбоо (ФИДЕ)-той хамтран ажилласны дүнд манай улсаас Гавьяат тବ¬¬¬мирчин Б.Мөнгөнтуул (манай улсын анхны эмэгтэй их мастер), Т.Батчимэг, Б.Гүндаваа, Дэлхийн өсвөр үеийн шатарчдын аварга Д.Номин-Эрдэнэ, Дэлхийн сурагчдын аварга А.Энхтуул, Ц.Сайханчимэг, Дэлхийн шатар сонирхогчдын аварга С.Билгүүн, Ахмад шатарчдын дэлхийн аварга С.Хандсүрэн зэрэг олон шилдэг тоглогчтой болсныг бахархан дурдъя.
М.БОТВИННИКТЭЙ ХАЙНЦСАН “АНХДАГЧ” АЗТАН
Манай улс 1956 онд Д.Намсрай ахлагчтай 20-иод шилдэг шатарчнаа ЗХУ-д зургаан сарын хугацаагаар явуулж, шатрын түргэвчилсэн, тусгай сургалтад хамруулжээ.Тэд Москвад суралцах хугацаандаа М.Ботвинник аварга болон тэр үеийн алдар цуут их мастеруудтай нөхөрсөг уулзалт, тоглолтыг зохион байгуулдаг байв. Нэгэн удаагийн зэрэг тоглолтоор МУИС-ийн багш Б.Лхагва М.Ботвинник аваргатай тэнцсэн нь манай шатрын түүхэнд анхдагч хэмээн тэмдэглэгдэж үлдсэн юм. Залуу шатарчин Ц.Ганбаатар 1980 оны Москвагийн XXI олимпод төлөөлөгчөөр оролцохдоо “Олимп хотхон”-д болсон шатрын зэрэг тоглолтуудаар дэлхийн аварга М.Ботвинник. П.Каспаровт хожигдож, тэдгээр цуутны гарын үсэг бүхий ном, дурсгалын цомоор шагнуулж байжээ. ЗХУ-ны ГХЯ, Шатрын холбоотойгоо хамтран Найрамдалт 20 гаруй улсын Москва дахь Элчин сайд нарыг Дэлхийн аварга Л.Карповтой 1978 онд уулзуулж, тэдэнтэй зэрэг тоглолт зохион байгуулахад БНМАУ-ын Элчин сайд Н.Лувсанцүлтэм Л.А.Карповтой ганцаараа тэнцсэнийг “Верчерная Москва” сонин мэдээлж билээ. Дэлхийн шатрын аваргуудтай ийнхүү монгол хүн дээр өгүүлсэнчлэн албан бусаар, нөхөрсөг тоглолтууд хийж, наадсаныг энэ бяцхан бичвэртээ оруулсан нь монголчууд шатрыг эрт дээр үеэс өвлөн хөгжүүлж, айл бүр шатартай, хүн бүр (эрэгтэй, эмэгтэй, дарга, цэрэг, хөгшин, залуу, хүүхэд) шатраар нааддаг байсныг л хэлэх, нотлох гэсэн миний өчүүхэн санаа, оролдлогын нэг илрэл юм.
Т.Дашдэлэг