Италид ирэх жилийн хоёрдугаар сарын 6-нд эхлэх Милано-Кортинагийн өвлийн олимпын наадмын өдрүүдэд дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох санаачилга НҮБ-д өргөн барих гэж буйгаа тус улсын Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдэв.
Энэхүү санаачилга нь эртний Грекийн олимпын наадмаас улбаатай бөгөөд тухайн үед дайтаж буй талууд тамирчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс наадам үргэлжлэх хугацаанд зэвсэгт мөргөлдөөнөөс татгалздаг уламжлалтай байжээ. Гэвч 1896 оноос хойших орчин цагийн олимпын түүхэнд олимпын энхийн түр зогсолт хэрэгжсэн тохиолдол үгүй. “Парис-2024” наадмын үеэр ч энэ уриалга биелээгүй юм. Милано-Кортинагийн өвлийн олимп хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ. Антонио Таяни “Милано-Кортинагийн олимпын хүрээнд бид бүх дайнд, тэр дундаа Украин болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хамарсан олимпын эвлэрэл түр гал зогсоох санаачилгыг НҮБ-д өргөн барьж байна. Бид энх тайвны төлөөх итгэл үнэмшилдээ бууж өгөхгүй” гэжээ.
Тэрбээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан газын мөргөлдөөнийг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлэв. Уг төлөвлөгөөний дагуу Израиль болон Хамас талууд өнгөрсөн долоо хоногт шууд бус хэлэлцээ эхлүүлсэн аж.