Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ сарын 13-16-нд БНЭУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Уг айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн тус улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч нартай ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Мөн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд Хүмүүнлэгийн тусламж, жижиг төслүүдэд Энэтхэгийн буцалтгүй тусламжийг чиглүүлэх, Богд хааны өвлийн ордны хамгаалах, сэргээх зэрэг хоёр орны Засгийн газар, Геологи, ашигт малтмалын, Цахим шилжилтийг хүн амд хүртээмжтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн амжилттай туршлагыг хуваалцах чиглэлээр салбарын яамд хооронд хамтран ажиллах хэлэлцээр, санамж бичгүүд багтжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргаснаа зарласан нь айлчлалын бас нэг чухал үйл явдал болов. Тус улсаас манайд хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь Нефть боловсруулах үйлдвэр билээ. Ерөнхий сайд Н.Моди энэ талаар “1.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монгол Улсад байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэр бол Энэтхэг улсын дэлхийдхэрэгжүүлж буй хамгийн том төсөл, үүнийг хэрэгжүүлэхийн төлөө манай 2500 хүн зүтгэж байгаа” гэсэн байна.
Хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтын тухайд тус улсын төрийн тэргүүн Д.Мурму айлчлалын үеэр ярьж тохирсон, хэрэгжүүлэхээр болсон төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарахаа илэрхийлжээ. Талууд хоёр орны хамтын ажиллагааг улам хөгжүүлэхээс гадна НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд түншлэлээ гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаар санал нэгдсэн юм.
С.Уул