Үндсэн хууль ч, үнэн ч үнэгүйдсэн гунигтай цаг үеийн гэрч нь бид болж байна. Улсын эрх ашиг нэгдүгээрт гэдэг үг уриа төдий л үлджээ. Намын, тэр тусмаа бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн юуг ч гуйвуулж, яаж ч өөрчилж болдог тархи угаах хар технологид бид живж гүйцлээ. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан он жилүүдэд, тэр тусмаа нэг хүн түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан үед ийм технологийг нутагшуулж, хөгжүүлсэн байх юм. Улс төрд нөхөрлөл гэж үгүй, эрх ашиг л гэж бий гэдэг дээ. Энэ бүхний ард үзэл бодол, итгэл үнэмшил биш, мөнгө, түүнийг тойрсон эрх ашиг нуугдаж буйг эрүүл ухаантай хэсэг нь эрхбиш ойлгож байгаа. Мөнгө дуусахад “нөхөрлөл” төгсөнө.
Хэн илүү мөнгө төлнө, түүний талд үйлчилдэг “утсан хүүхэлдэй”-нүүд бүх салбарт нутагшжээ. Өмнө нь ийм хар технологи тодорхой хэмжээнд байсан. Гэвч арай ч ингэж хэмжээ хязгаараа давж, ёс суртахууныг умартан, Үндсэн хуу¬¬лийг уландаа гишгэж, төрийн эрхийг хууль бусаар авах хүртлээ хэтэрч байгаагүй юм. Хүссэн нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг болсон учраас сонссон, харсан бүрдээ итгэхгүй, хэрсүү байх нь иргэдийн хувьд чухал болов.
ТАМГА АТГАСАН БҮХНИЙ ЗӨВ БИШ
Хууль болон аливаа шийдвэрийг эрх ашигтаа нийцүүлж тайлбарласан хэдхэн жишээг энд тодотгоё.
1. Хуулийн хүрээнд хэрэглэсэн заль. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан 54 хүнээс 19 нь Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг гишүүн байв. Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үед тэд бүгд “Ерөнхий сайдыг огцруулахгүй” гэдэг санал өгсөн. Байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг шийдвэрийг дэмжье” гэсэн дүгнэлтээр чуулганд санал хураалгах гэж л тэр. Энэ талаар гишүүн Д.Ганбат нэг䬬сэн чуулганы үеэр “Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж санал өгсөн хүмүүс чинь сая огцруулъя гэлээ. Энэ чинь одоо залилан юм уу” гэсэн билээ. Огцруулахаар гарын үсэг зурсан гишүүн хамгаалсан санал өгч болохгүй гэсэн хууль үгүй учраас ийм заль хэрэглэсэн байх нь.
2. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрт нийцүүлэн тайлбарласан нь. Гэвч тэд бодлоо биш, аргаа өөрчилсөн байсныг бүгд мэднэ. Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн 43.1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.4-т заасны дагуу шийдэхээр зохицуулсан. Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүний олонх дэмжвэл огцорсонд тооцно гэж эдгээр заалтад тусга¬сан юм. “Огцруулахгүйг дэмжье” гэсэн үг огт байхгүй. Гэтэл нийт олонхын дэмжлэг байхгүй учраас байнгын хорооны хуралдаанд Г.Занданшатарыг “хамгаалж” үлдээд, огцруулахгүйг дэмжих томьёоллоор санал хураах аргыг 1980-аад оны бүлэглэлийнхэн бодож олсон билээ. Ингэхдээ ирцээ бүртгүүлчхээд санал өгөөгүй хүмүүс татгалзсанд буюу Г.Занданшатарыг огцруулахад гар бие оролцсонд тооцогдоно гэдгийг мэдэж байсан юм. Г.Занданшатарын талынхан болох МАН-ын 48 гишүүн дэд дарга Х.Булгантуяагаас “Үндсэн хуулийн дагуу асуудлаа шийд” хэмээн шаардсан. Харин тэрбээр “2014, 2017, 2021 онд Засгийн газрыг яг л ингэж байнгын хорооны дүгнэлтэд үндэслэн огцруулсан” гэсэн тайлбар хэлсээр өөрийнхөө ойлгосноор шийдвэрлэсэн юм.
Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нийт гишүүний олонхоор шийдэх хэсгийг нэмсэн билээ. Өмнө нь ийм “босго” байгаагүй гэсэн үг. Тиймээс 2014, 2017 оны тохиолдол огт өөр. Мөн 2021 онд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Огцрох биш. Ийм л ялгаатай асуудлууд байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж, ер нь бол тулгаж шийджээ. Ингээд энэ бүсгүй Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх заалтыг зөрчсөн, эсэхээ өнөөдөр Цэцээр шүүлгэх болоод байна. Байнгын хорооны саналаар Ерөнхий сайдыг огцр¬уу¬лах, эсэхийг шийдэж болно, болохгүй гэдэгт хуульчид ч хоёр талцсан тайлбар хийсэн.
3. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдав. Ерөнхий сайдыг огцруулсанд тооцсон УИХ-ын 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавиад буй. Гэтэл үүнийг мушгих ажиллагаа тэр даруйд эрчимжив. Тэд хоёр өнцөг “олжээ”. Төрийн тэргүүний хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалтай хамт танилцуулсан нь эхний сэдэв бол Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн цаг үе болов. ҮАБЗ-д багтдаг гурван хүнээс хоёр нь үүрэг гүйцэтгэгч болчихсон. Гэтэл үлдсэн ганц нь болох Ерөнхийлөгчийн талд нарийн бичгийн дарга нь зогсож, тайлбар хийсэн нь эргэлзээ дагуулжээ. ҮАБЗ-өөр хэлэлцээгүй асуудлыг А.Бямбажаргал тайлбарлаад зогсох зохимжгүй гэв. Түүний ажил үүргийн хуваарьт энэ бүхэн багтаагүй тухай шүүмжиллээ. Хоёр дахь нь харин жаахан “инээдтэй”. Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан бланкан дээрээ цуглуулсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг Төрийн тэргүүний бүрэн эрхийг гуйвуулах гэж оролдлоо. Тэрбээр “Нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй байхад асуудлыг шийдсэн гэж Ерөнхийлөгчийн хоригт хэлсэн байна. Тэгвэл тэр өдөр УИХ-ын даргыг хүсэлтээр нь чөлөөлсөн тогтоол, ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн нь ч хүчин төгөлдөр бус юм байна” гэжээ. Уг нь тэр хуульч мэргэжилтэй гишүүн. Тиймээс Төрийн тэргүүн Үндсэн хуулийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8д заасны дагуу УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих бүрэн эрхтэй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулсанд тооцсон 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэж бай¬хад “Тэгвэл тэр өдөр УИХ-ын даргыг чөлөөлсөн тогтоолд ч хориг тавь” гэж муйхарлав. Юунд хориг тавих, үгүйг нь шийднэ гэж бодсоноороо П.Сайнзориг Төрийн тэргүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. Үнэндээ тэрбээр тэмээ гэхээр ямаа гэдэг “будилуулах технологи”-ийг ашигласан байх нь. Учир нь энэ гишүүн Г.Занданшатарыг огцруулах улс төрийн ажиллагааны “төлөөлөгч”-өөр ажиллаж буй.
Мөн Ерөнхийлөгч парламентын бүрэн эрхэд халдлаа, УИХ-ыг тараахад хүргэх нь гэх мэтээр хаа хамааралгүй асуудал руу наах гэсэн оролдлого ч газар авч байна.
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ИРЦ БҮРДҮҮЛСНЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДСАНГҮЙ
Ерөнхий сайдыг байнгын хорооны саналд үндэслэн огцруулах аргаа ажил хэрэг болгохын тулд дэд дарга Х.Булгантуяа ирц бүрдээгүй чуулганыг цаг сунган хүлээх шийдвэр гаргасан билээ. Мөн шөнөжин ирцээ “хадгалж”, баасан гарагт үүнийгээ шинэчлэлгүйгээр нэмснээр тэр өдөр ирээгүй олон хүний саналыг ашигласныг улс даяараа харсан. Олонхын дэмжлэг авч чадаагүй учраас Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гишүүд нь байнгын хорооны хурлаар “хамгаалж” үлдээд, түүнийгээ дэмжүүлэх буюу татгалзах саналаар 71 хүний тоог бүрдүүлсэн нь нууц биш. Тэгвэл эл 71 хүнээс 19 нь баасан гарагт чуулганд ирээгүй, пүрэвт л ирцээ бүртгүүлсэн байжээ. Нийгмийн сүлжээнд хамаг амьдралаа тоочдог учраас М.Нарантуяа-Нара пүрэв гаргийн үдээс өмнө ирчхээд явсан, үүнээс хойш ажилдаа очоогүйг бид бүгд мэдэж байгаа. Б.Бейсен гишүүн мөн пүрэвт ирцээ бүртгүүлсэн, баасанд чуулганд очоогүйгээ хүлээсэн байна лээ. Энэ мэтээр ирэлгүйгээр Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөнд тооцогдсон 19 хүнийг хасвал 52 гишүүн үлдэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 43.1-т заасан нийт олонхын “босго” хангагдаагүй. Ингэж л луйвар хийжээ.
Хууль зөрчиж ирц бүрдүүлсэн тухайд нь Ерөн¬хийлөгч хоригтоо “Үндсэн хуулийн 27.6 дахь “УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1-ийн “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно”, 6.2-ын “Нэгдсэн хурал даан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцээ бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товло¬сон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар цагийг сунгаж болно” гэсэн заалтуудыг илтэд зөрчсөн” хэмээн бичсэн байна. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхны тайлбарыг нэг анзаараарай. Хэн нь ч ирц бүрдээгүй байхад цаг сунгасан, яагаад баасан гарагт үүнийгээ шинэчлээгүй тухай ярихгүй, тайлбар хийхгүй байна. Учир нь тэд хууль зөрчсөнөө мэдэж буй.
Үнэндээ энгийн иргэдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн байх нь, тэр тусмаа МАНын даргын суудалд ямар улс төрч очих нь огт хамаагүй. Мөнгөөр нэгнээ худалдан авч, талцах, үүндээ олон нийтийг татан оролцуулж, төрөөр тоглох эрх тэдэнд үгүй. Тэдний маргаан тогоон дотроо л дуусах ёстой байсан. Гэтэл хууль тогтоох болон гүйцэтгэх хоёр засаглалын тэргүүнийг энэ сонгуульдаа өрсөлдүүлс¬нээс бүх зүйл эхэлсэн. Намын дарга нь Ерөнхий сайд байдаг зарчмын дагуу Г.Занданшатар тамгаа авахаар өрсөлдөх нь зүй. Харин Л.Оюун-Эрдэнийн талынхан УИХ-ын даргыг биш, өөр “сул” гишүүнээ сойсон бол өнөөдөр байдал ийм дээрээ тулахгүй байв. Хоёр засаглалын тэргүүнийг намын даргад нэр дэвшүүлбэл төрийн институц хоорондын зөрчил, Үндсэн хуулийн хямрал болдгийг тус намынхан ойлгож, сургамж авсан гэж найдна. Мөн Ч.Лодойсамбуу гишүүн чуулганы үеэр “Нэг нь нүүрсчин, нөгөө нь биш гэх. Худлаа, та нар бүгд нүүрсчин. Та нарын түүх бол нүүрс, байгалийн баялгийн хулгайн түүх. Танай нам бол нүүрсний нам” гэсэн нь бий. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн нь ч гэмгүй, ариун хүн биш. Тиймээс хэн нь огцрох, үлдэх ч иргэдэд чухал бус. Гагцхүү муу ч, сайн ч Монголын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй хүмүүс учраас асуудлаа хуулийн хүрээнд, шударгаар шийдэх учиртай. Хуультай, тусгаар тогтносон орон шүү дээ. Өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн хууль тайлбарлаж, Үндсэн хууль болон үнэнийг үнэгүйдүүлэх эрхийг тэдэнд хэн ч өгөөгүй.
Төрийн ордонд хэдэн “утсан хүүхэлдэй” талцаж, түүнд нь манай салбараас ч татагдан орсон нь яавч энгийн, хүлээн зөвшөөрөхүйц зүйл биш. Мөнгө, эрх ашгийн төлөө үйлчилж, УИХ-ын гишүүний ёс зүйг уландаа гишгэдэг троллуудын үг, үйлдэл алсуураа улс орон, ирээдүй хойчид ямар их сөрөг үр дагавар учруулж байгааг мартах учиргүй.