Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан, үүнээс гаргасан тогтоол, мөн хурал удирдсан дэд дарга Х.Булгантуяагийн үйлдэл Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтийг өчигдөр Цэц Их суудлын хуралдаанаараа шүүв. Энэ сарын 16-нд Ерөнхий сайд Г.Занданшатараас гаргасан уг хүсэлтийг Цэцийн гишүүн О.Мөнхсайхан хянаж, улмаар “ихэсгэсэн шаардлага” учраас онц ноцтой, яаралтай хэмээн авч үзэн, Их суудлын хуралдааныг товлосон юм. Ингэхдээ УИХ-ын үйл ажиллагаа болон дэд дарга Х.Булгантуяагийн асуудлыг нэгтгэн хэлэлцэх тогтоол гаргасан аж.
УИХ-ын буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжигчдийн талаас дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй 18 гишүүн иржээ. Харин Засгийн газрын талаас ХЭГ-ын дарга С.Бямбацогт, тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Д.Цолмон тэргүүтэй 4-5 хүн очсон. Х.Булгантуяагийн талынхан эхнээсээ л гомдол, хүсэлтээр булав. Эхлээд өргөдөл хянасан гишүүн О.Мөнхсайханаас татгалзах, тэгснээ хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан. Эцэст нь үдээс хойших хуралдааныг хаяж гарсан юм. Мөн Цэц Их суудлын хуралдааны эхний хэсгийг олон нийтэд нээлттэй харуулсны дараа хаалттай үргэлжлүүлсэн нь ч багагүй хардлага дагуулав.
Х.БУЛГАНТУЯАГИЙН ТАЛЫНХАН ЦЭЦИЙН ХУРАЛДААНЫГ ХАЯЖ ГАРАВ
Үндсэн хуулийн цэцэд маргаан хэлэлцэх үед УИХ-ын зүгээс ийм олон тооны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон нь анхны тохиолдол байлаа. Уг нь 2-3 гишүүн л парламентын шийдвэрээ хамгаалахаар оролцдог. Харин энэ удаа Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн 71 хүнээс нам намын төлөөлөл болгож 18 хүн томилсон бололтой. МАН-аас Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, М.Мандхай, Ч.Номин, Г.Тэмүүлэн, Б.Баярбаатар, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, А.Ундраа, АН-аас С.Ганбаатар, Х.Тэмүүжиннарын гишүүн байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын ярих боломжийг хумьсан атлаа огцруулах саналд гарын үсэг зурсан, тус байнгын хороонд харьяалалтай бүх гишүүнд хариулах цаг олгосон билээ. Тэд Цэцийн танхимыг нэгдсэн чуулганыхтайгаа “андуурч”, дээрхийн адил бүгд зэрэг ярьж, орилолдоод хуралдаан даргалагчаас сануулга авсан. Цэцийн дарга Г.Баясгалан “Та нар чинь яаж хуралддаг юм бэ. Зэрэгцээд орилоод байх юм. Хаана ингэж дураар яриад сурчихав” хэмээн гайхна лээ.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 09.30 цагт эхэлсэн. Ц.Даваасүрэн тэргүүтэй 4-5 гишүүн хоцорч ирсэн учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг танилцуулахад нэрийг нь дурдаагүй аж. Уг нь хоцорсон бол хуралдаанд оруулдаггүй дэгтэй ч УИХ-ын гишүүд нэгэнт ирсэн тул “харж үзсэн” гэдгээ Цэцийн дарга хэлсэн юм. Мөн энэ сарын 16-ны өдөр Цэцээс тайлбар авахаар хоёр талд бичиг хүргүүлсэн аж. Засгийн газрын талаас тайлбараа бичгээр өгсөн бол УИХ-ын зүгээс тэгсэнгүй. 20 хүртэл тэдэнд дөрвөн өдөр байсан ч амжуулахыг хүсээгүй бололтой. Гэхдээ биеэр ирээд тайлбараа өгөх боломж байдаг аж. Хэдий тийм ч тэд тайлбар тавьж, гаргасан шийдвэрээ хамгаалахаас илүү хуралдааныг гацаах, хойшлуулахад л төвлөрсөн гэхэд болно. Эхлээд дэд дарга Х.Булгантуяа нарын зүгээс Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан юм. 2019 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтсан, эл ажлаа хөлсөөр хийсэн тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна. Улмаар Цэц хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөөд “Татгалзах боломжгүй” хэмээн үзсэнээр үргэлжлүүлэв.
Тэгмэгц дараагийн гомдол, хүсэлтээ гаргалаа. Х.Баасанжаргал гишүүний зүгээс П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг гэрчээрбус, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулах тогтоолыг хэрэгжүүлэх, Х.Булгантуяа болон УИХ-ын үйл ажиллагааны асуудлыг салгах, уг өргөдлийг Цэц эхлээд дунд суудлаараа хэлэлцэх ёстой байсан гэсэн гомдлыг гаргасан. Г.Тэмүүлэн гишүүн “Онц ноцтой, дайны байдалд л Их суудлын хуралдааныг гурав хоногт зарладаг. Гэтэл тийм биш асуудлаар хуралдаанаа хурдан товлосон учраас хойшлуулж өгөөч” гэсэн хүсэлт тавилаа. Х.Булгантуяа гишүүний хувьд “Би хуульч биш учраас өмгөөлөгчөөр хангуулах эрхтэй. Өмгөөлөгч авах боломжоор хангана уу” гэв. Энэ бүхэнд Цэцийн дарга Г.Баясгалан “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэг хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчээр давхар оролцуулах боломжгүй. Цэцийн зүгээс П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарын гишүүнээс асуух, тодруулах зүйл бий гэж үзээд гэрчээр дуудсан. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийн асуудал. Эл тогтоолоо бид та бүхэнд энэ сарын 20-нд хүргүүлсэн. Гэрчээр дуудсан нь зөв, буруу гэдгийг хэн нэгэн этгээд шүүхгүй. Дуудсан л бол асуугаад явах журамтай, татгалзах эрхгүй, үнэн зөв хариулах ёстой. Хоёр асуудлыг тусгаарлах ямар ч боломжгүй. Х.Булгантуяа албан тушаалтны хувьд Үндсэн хууль зөрчсөн, эсэхээ шүүлгэж буй учраас тайлбар хэлэх боломжоор хангана. Гэхдээ та өмгөөлөгчөөр ажиллуулах хүнтэйгээ урьдчилж гэрээ хийсэн бол хүсэлтийг хангаж болно. Тийм гэрээ хийгээгүй бол боломжгүй. Онц ноцтой, яаралтай асуудал учраас Их суудлын хуралдааныг товлох саналыг Цэцийн гишүүн гаргасан. Дайны онц байдал үүнд хамаагүй” гэсэн хариулт өгөв. Мөн Г.Тэмүүлэн гишүүний хүсэлтэд “Яагаад хойшлуулах тухайгаа тодорхой хэлсэнгүй” гээд хүлээж авсангүй.
Мөн Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчиж санал хураасан, огцруулах санал өгсөн 71 гишүүний 19 нь оролцоогүй, Ерөнхий сайдыг огцруулсан өмнөх жишгийг буруу тайлбарласан зэргийг харуулсан дүрс бичлэгийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримтад өгч буйгаа хэлэв. Ингээд Цэцийн гишүүн тогтоолоо уншиж танилцуулсан юм. Үүний дараа хоёр талаас 10 минутад багтаан тайлбар хийнэ гэж байлаа. С.Бямбацогтын зүгээс “Огцруулах асуудлыг нь хэлэлцэхдээ Ерөнхий сайдад асуултад хариулж, үг хэлэх боломж олгоогүй. Ингэснээрээ олон нийтийн мэдэх эрхэд бүдүүлгээр халдсан. Огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдийн нэрийг нуусан” гээд ярьж байтал Цэцийн ажилтан мэдээллийг шууд дамжуулж байсан дэлгэцийг унтрааж орхив. “Үүнээс цааших асуудлыг хаалттай хэлэлцэнэ” гэлээ. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дэх “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулна. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон юм.
Дунд суудлаараа асуудлыг эхэлж хэлэлцээгүй, дайны онц байдал биш байхад дунд биш, шууд Их суудлын хуралдаанаа хийсэн, нээлттэй явуулах хуулийг зөрчсөн гэх мэт үндэслэлээр УИХ-ын гишүүд үдээс хойших хуралдааныг хаяж гарсан. Энэ талаар Х.Баасанжаргал гишүүн “Хууль бус хуралдааныг ингэж л таслахаас өөр арга байсангүй. Бид тайлбараа хэлээд, мэтгэлцээд явж болох байсан ч яриулахгүй байна. Одоо Цэц хуралдаанаа түр зогсоогоод цааш үргэлжлүүлэх, эсэхээ ярих хуультай. Гэвч тэгсэнгүй, шууд үргэлжлүүлж байна. Илтэд хууль зөрчсөн хуралдаанд бид суухгүй” гэлээ. Цэцийн хуралдаанд ийм олон итгэмжлэгдсэн төлөөлөгч очсон нь ч, хурал хаяж гарсан нь ч анхны тохиолдол болж байна. Мөн УИХ-ын гишүүд Цэцийн хуралдааныг хаяж гарсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох тухай нийгмийн сүлжээнд зарим хуульч бичиж байсан юм. Тэгвэл УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үлдэж, Цэцэд тайлбар өгсөн аж. Түүнийг УИХ-ын талын гэрчээр дуудсан юм байна.
“УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ”
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хэлж буй ч үнэндээ парламент дотроо хоёр хуваагдчихсан. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаас үүдэн талцаад буй. Дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, МАН-ын бүлгийн “хуучин” дарга Ж.Бат-Эрдэнэ нар бол Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд. Тиймээс ч тэднийг УИХ-ыг бүрэн төлөөлнө гэж үзэх нь өөрөө өрөөсгөл. Юутай ч Х.Булгантуяа “Цэцийн Их суудлын хуралдаан бол Дээд шүүхтэй ижил. Үүнд хувь хүний үүднээс шүүлгэж буй надад өмгөөлөгч авах боломж олгосонгүй. Хэрэв би Ерөнхий сайдыг огцруулах томьёоллоор санал хураалгасан бол Г.Занданшатар дарга бас л байнгын хорооны дүгнэлтээр явсангүй гэх байсан. Тэгэхээр томьёололдоо биш, өөрийнх нь талд шийдвэр гараагүйд л асуудал бий” хэмээв. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Монголын түүхэнд хараар бичигдэх өдөр болж байна. Үндсэн хуулийн цэц хуульд нийцээгүй байдлаар Их суудлын хуралдааны бэлтгэлийг хангаж, хийж байна. Ийм хууль бус үйлдэлд тулгуурласан хуралдаанаас хуулийн дагуух шийдвэр гаргахгүй. Улс төрийн захиалгатай шийдвэр л гаргана. Үүний үр дүнд улс төрийн хэрүүл, зөрчил хэр удаан үргэлжлэхийг таашгүй” гэсэн юм.
Нөгөө талд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй ганцхан хүн ирсэн учраас бусдадаа “дарагдаад” байсан нь нууц биш. С.Бямбацогт сайд “УИХ-ын талаас 20 орчим хүн ирсэн. Тэдэнд 10 минутын цагийн хязгаар нь үйлчилдэггүй, надад болохоор мөрдөгддөг. Нотлох баримтаа гаргаж өгөөд болох атал тэд олон гомдол, хүсэлт хэлж, тэр бүрийг нь шийдлээ. Цэц энэ алдаагаа засаж, үдээс хойш хоёр талд тэнцүү хандана гэж итгэж байна” гэв.
ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ТОЙРСОН ХАРДЛАГА
Ерөнхий сайд Г.Занданшатар Цэцэд гомдол гаргаснаас хойш уг байгууллага руу хандсан “дайралт” эхэлсэн. Есөн гишүүний хэд нь Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн, хэд нь УИХ-ын талд орох тухай таамаглал, хардлага өрнөж буй. Х.Булгантуяа тэргүүтэй УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Цэцээс захиалгатай шийдвэр гаргах нь” хэмээн хардаж байсан юм. Нөгөө талаар тэд Үндсэн хуулийн 27.6, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.2, 7.1-ийг зөрчиж, олонх ирээгүй, ирц бүрдээгүй байхад хуралдааныг цаг сунгасан, танхимд байхгүй 19 хүний саналыг ашигласнаа мэдэж буй тул “унана” хэмээн тооцож байсан биз ээ.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүнтэй. Тэднийг гурав гурваар нь УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал болгосноор парламентаас зургаан жилээр томилдог юм. Цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нарыг УИХ-ын дарга байхдаа Г.Занданшатар санал болгож томилуулсан юм байна. Э.Энхтуяа, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбүрэн, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарыг Дээд шүүхээс санал болгож томилуулжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэг тал. Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд Төрийн тэргүүн хориг тавьчхаад буй. Тиймээс Цэцийн есөн гишүүний зургаа нь “тэдний тал” болчхож байгаа аж. Үүнээс гадна Ерөнхий сайдын гомдлыг хэлэлцээд, яаралтай Их суудлын хуралдаанаа зарласан гишүүн О.Мөнхсайханыг тэдний хүн гэж хардаж буй. Тиймээс л Х.Булгантуяа ба түүний нөхөд “гомдоллоод” байгаа аж. Хэдийгээр Үндсэн хуулийн цэц бие даасан, хараат бус байгууллага ч улс төрчид хүсвэл хууль, шүүхийн байгууллагыг өөрийн талд ажиллуулж чаддаг. Мөн Цэц тэтгэвэртээ гарсан хуульчдын “амралтын газар” болдог гэсэн шүүмжлэл ч бий. Хэдийгээр одоогийн бүрэлдэхүүн насны хувьд харьцангуй залуу ч санал болгож томилуулсан хүмүүстээ “танилын нүүр халуун” байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч тал талаас хардлага гарч буй. Түүнчлэн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа энэ оны зургаадугаар сард дууссан юм байна. Бүрэн эрх нь дууссан хүн шийдвэр гаргалаа гэж маргалдах “боломж” байна гэсэн үг. 1980-аад оныхны бүлэглэл хэдийн энэ өнцгөөс шүүмжлээд эхэлжээ.
Мөн Цэцийн хуралдааныг хаалттай явуулж, хөшигний ард “хор найруулах” нь, олон нийтийн мэдэх эрхэд халдлаа гэсэн шүүмжлэл гарсан. Хуралдааныг ил явуулахаар хуульчилсан ч нөхцөл байдлаас хамаараад хаах, нээх эрх нь Цэцийн даргад байдаг гэх. Гэвч олон нийтэд хардах эрх бий.
МАН-ын дотоод талцал ийнхүү Үндсэн хуулийн цэц рүү очлоо. Цэцийн дарга Г.Баясгалан “Их суудлын хуралдаан эхлэхээс өмнө “их юм” явсан, Цэцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх оролдлого хийж байна” хэмээн зүгээр ч нэг хэлээгүй болов уу. Юутай ч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны үеэр олон анхны тохиолдол болж өнгөрлөө. Анх удаа Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол, үйл явц, хурал удирдагчийн үйлдэл Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцлээ. Мөн анх удаа УИХ-аас олон тооны итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, тэд нь хүүхэд шиг “гомдон” хурал хаяж гарлаа. Олон нийтийн анхааралд ороод удсан эл асуудлыг Цэц хаалгаа хааж байгаад хэлэлцсэн нь ч анхных болов. Тиймээс эл хуралдаан түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ. Гагцхүү Үндсэн хуулиа хамгаалсан сайн жишээ болох уу, эсвэл урт удаан үргэлжлэх “гомдлын” эхлэлийг тавих уу. Манай сонины дугаар шилжих мөчид Их суудлын хуралдааны дүгнэлт гараагүй байлаа.