Эрх баригч МАН-ынхны хоёр сарын турш үргэлжилсэн талцал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд нөлөөлж, Үндсэн хуулийн цэц хүртэл өндрөө авсан билээ. Төр улсаараа “тоглосон” эрх ашиг, албан тушаалын төлөөх эл маргаанаас нь сөрөг хүчин нэгэн сургамж авчээ. Аль ч намын дарга парламентын спикер хийхийг хориглох заалтыг УИХ-ын тухай хуульд оруулахаар ажиллаж эхэлснээ тэд мэдэгдэв. Нэг намын дарга парламентын толгойд гарч сууснаар яаж “бантан” хутгаж болдгийг харууллаа, хууль тогтоох байгууллага тэдний “зодоон”-д хамгийн их хохирсон гэж тэд үзсэн. Энэ нь ч үнэн. Анх удаа улсын төсөвтөө бараг анхаарал хандуулахгүйгээр, урсгалаар нь явуулсаар, бас УИХ-ын даргагүй батлаад байна.
Тэгвэл нөгөө талд МАН-ын шинэ дарга Н.Учрал УИХ-ын дарга болж, Г.Занданшатарын Засгийн газрыг 2027 он хүртэл ажиллуулах тохиролцоо хийсэн гэж буй. Тэгсэн атлаа намын дүрэм дэх “Сонгуульд олонх болбол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалтаа өөрчилсөнгүй. Тиймээс сөрөг хүчний санаачилгыг парламентаа бодсондоо биш, улс төрийн зорилготой үйлдэл хэмээн хардах хэсэг ч гарч байна.
УИХ-ЫН ДАРГА ГЭЖ ХЭН БЭ
УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийг тусгажээ. Үүнээс харахад ч УИХ-ын дарга бол хурал зохион байгуулж, удирддаг л албан тушаал. Үйл ажиллагаандаа Үндсэн хууль, бусад хуулийг сахиулж, дэгээ мөрдүүлнэ. Ээлжит болон ээлжит бус, хүндэтгэлийн чуулганыг зарлах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, УИХ-ын гадаад харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах, хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн төслийг холбогдох байнгын хороонд хуваарилах нь түүний ажил. Мөн томилгооны зарим бүрэн эрх бий. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, парламентад ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөхийг спикер шийддэг. Бас гадаад, дотоодод УИХ-ыг төлөөлнө. Түүнд үүнээс гадна нэг хангамж бий. УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн хоёр жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн хамгаалалтад байх аж. Үүнээс өөрөөр тэрбээр бусад 125 гишүүнээсээ онцгой давуу эрх эдлэх учиргүй.
Гэвч манайд “дарга” гэдэг үг сонгон хэрэглэснээрээ давуу эрх мэдэлтэй мэт ойлголт төрүүлсээр ирсэн байна. АН-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын даргыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болгож, Их тэнгэрт Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хамт тусад нь амьдруулдаг, давуу эрх олгодог нь буруу” гэсэн агуулгатай тайлбар хийсэн.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮЛ ТООГЧИД
УИХ-ын тухай хуулийн 11.1-т парламентын олонхоос УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ хэмээн заасан. Үүний дагуу сонгуулиар олонх болсон намаас УИХ-ын даргад нэр дэвшүүлж, сонгосоор ирсэн юм. ГэтэлҮндсэн хуульд заавал “олонхоос” гэдэг тодотгол алга. Үндсэн хуулийн 24.1-т “УИХын дарга, дэд даргыг парламентын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн, саналаа илээр гаргаж сонгоно” хэмээн заажээ. Ерөөсөө УИХ-ын гишүүн л бол хэнийг ч нэр дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Ийнхүү Үндсэн хуулийн зарчмыг УИХын тухай хуулийн агуулгад “суулгасангүй”.
Уг нь Монгол Улсад Үндсэн хууль бол анхдагч. Үүнд нийцүүлэн бусад хуулийг баталдаг зарчмыг одоо ч мөрдсөөр байгаа. Гэвч сүүлийн үед МАН-ын талцлаас улбаатай өрнөсөн хэд хэдэн үйл явдал Үндсэн хууль бэлгэдлийн шинжтэй болсныг батлав. Дагалдах хуулиудад санаатай, эсвэл санамсаргүйгээр Үндсэн хуулиас зөрсөн, зөрчилтэй заалтууд оруулаад баталчихсан, хэрэгтэй үед өөрт аль ашигтайгаа сонгон хэрэгжүүлдэг дур зоргоороо байдал гаарав. Сарын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх үед яг ийм явдал болсон юм. Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” хэмээн тусгасан. Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ гэсэн байхад л тэр өдрийн чуулганыг удирдсан гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн заалтыг биш, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.3 дахь “Нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэснийг “сонгож” хэрэгжүүлсэн юм. Ингээд тэр Үндсэн хуулийг санаатай зөрчсөнийхөө хариуд дэд даргын албанаасаа огцроод байгаа. Энд мөн Ерөнхий сайдыг огцруулах санал оруулсан бол Үндсэн хуульд гурав, дэгийн хуульд долоо хоногийн дараанаас хэлэлцэж эхэлнэ хэмээн зөрчилдсөн нь бий. Яг эл заалтаар нэгэн иргэн Цэцэд хандаж, маргаан үүсгэхээр болсон.
МАН-ын шинэ дарга Н.Учрал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр сөрөг хүчний санаачилгын талаар ямар бодолтой байгааг нь асуухад микрофоноо шууд ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт шилжүүлсэн юм. Нөгөөх нь “УИХ-ын тухай болон Үндсэн хуульд заасны дагуу олонхыг бүрдүүлж буй намаас парламентын даргад нэр дэвшүүлнэ. Тиймээс хэнийг нэр дэвшүүлж, хэрхэн ажиллах нь манай намын бодлого. Энэ асуудлаар бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй” хэмээв. Тэгэхээр УИХ-ын даргыг тодруулахдаа ч МАН-ынхан өмнөх “туршлага”-аа дагах нь тодорхой гэсэн үг. Үндсэн хуульд бол асуудлыг олонх, цөөнхөөр ялгаагүй гэдгийг Я.Содбаатар мэдээж дурдахгүй, ашигтай заалт тусгасан УИХ-ын тухай хуулиа баримтлахаа илэрхийлсэн нь энэ. Эрх баригч нам ийнхүү Үндсэн хуулиа үл тоодог болжээ.
ОЛОН УЛСЫН ЖИШИГ
АН-ынхан УИХ-ын тухай хуулийн төслийг боловсруулахдаа спикер аль нэг намын дарга байх давхар албан тушаал хашсанаар ардчилсан мэтгэлцээнийг үгүй хийж, нэг улс төрийн хүчний хуралдаан мэт болдгийг сануулсан. Тиймээс УИХ-ын тухай хуульд дээр дурдсанаар өөрчлөлт оруулж, мөн “сул” гишүүн спикер болсон ч намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг байх ёстой гэж буй. Тэгвэл ардчилсан тогтолцоотой дэлхийн бусад улс оронд энэ талаар ямар зарчим, зохицуулалт байдаг вэ. Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Ирланд, Ямайк, Мальта, Сингапур, Малайз зэрэг оронд парламентын спикер ямар ч намд давхар албан тушаал хашихыг хуулиар хориглодог аж. Эдгээрээс Британид спикер болсны дараа намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг юм байна. Харин Энэтхэгт намын гишүүнээрээ байхыг нь зөвшөөрдөг. Ардчилсан тогтолцоотой дээрх орнуудад ийм жишиг байдаг тул “Олон улсын жишгээ дагах ёстой” хэмээн сөрөг хүчнийхэн үзжээ. МАН-ын гишүүдээс ч сөрөг хүчний эл саналыг дэмжиж буй.
Гэхдээ эсэргүүцэх хүн ч олон байна. Тухайлбал, ШЕЗ-ийн дарга асан, хуульч Н.Лүндэндорж “АН хорвоод ховор хууль санаачлах нь. Дэлхий ертөнцөд парламент тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг. Тиймээс нам, парламент хоёр салшгүй холбоотой. Бидний анхааран хардаг АНУ, Герман зэрэг улсад спикер заавал намын дарга байдаг. Харин саналын эрхгүй байх ёс бий. Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг үүнээс нь түдгэлзүүлэх, дарга нь спикер хийж болохгүй гэсэн хуультай болбол онигоонд орж мэднэ. Бас парламентын зарчимтай улсын мөн чанараа ойлгоогүйн “сод” жишээ ч болно” гэжээ. АНУ, Германд үнэхээр спикер намын дарга байхыг нь хориглодоггүй ч “саармаг” буюу аль нэг нам, талд давуу байдал олгохгүй, төрийн үйл ажиллагааг улс төрийн хүчний ашиг сонирхлоос ангид, шударга, тэгш удирдах зарчим баримталдаг байна. Ардчилсан тогтолцоо хэдийн бүрэн бэхэжсэн, ялгаа заагаа мэдэж, ашиг сонирхлоо хязгаарлаж чаддаг улс орнуудад ёс зүйгээрээ энэ бүх зарчмаа хэрэгжүүлээд, мөрдөөд явдаг биз ээ.
Мөн АН-ынхныг МАН-ын шинэ даргын “янзыг үзэж”, улс төр хийж байна, Их хурлаас нь өмнө яагаад энэ санаачилгаа гаргаагүй юм хэмээн хардаж буй. Н.Учрал намын дарга болж, Засгийн газраа авснаар АН-ынханд тодорхой сайдын квот, албан тушаал амласан, гэвч үүнээсээ буцсан тул ийнхүү “өшөө” авах нь гэсэн мэдээлэл ч гарсан. Тэгвэл сөрөг хүчний зүгээс “Бид МАН-ын даргын сонгууль эхлэхэд л энэ тухай ярьсан, өмнө нь ч байр сууриа илэрхийлсээр ирсэн. Эрх баригч намын Их хуралтай огт хамаагүй” гэсэн тайлбар өгсөн. Хөшигний ард ямар нэг тохиролцоо хийсэн, түүнээсээ МАН-ынхан буцсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манайх шиг нэг нам үнэмлэхүй олонх болон олонхоор 10 жилийн турш засаглаж буй улсад асуудлыг АНУ, Германы туршлагаас арай өөрөөр авч үзсэн нь дээр. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний санаачилга Монголын нөхцөлд хэрэгтэй. Ядаж парламентын спикер шударга ёс, тэгш эрхийн зарчим баримтлан ажиллах нарийн зохицуулалтыг хуульд нэмэх учиртай. УИХ-ын дарга нь намынхаа даргын сонгуульд өрсөлддөг, үүндээ төрийн ажлыг чирдэг байдал дахин давтагдах ёсгүй юм.