Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг бид тэмдэглэн өнгөрүүлэв. Эл өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2012 оноос хойш монголчууд “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж буй билээ.
Энэ өдрийн бас нэг гол үйл явдал нь “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол байдаг. Ерөнхийлөгчийн зарлигаар уг одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ. Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, энэ салбарын мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад оруулсан түүний хувь нэмрийг ийнхүү үнэлснээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр онцлов.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн юм. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа тус салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ. С.Нарангэлийн туурвисан “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх бүтээлд их хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжлэн судалж, үйл хэрэг, хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоосон байна. Мөн хууль, эрх зүй нь ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалан бэхжүүлэх, мөрдүүлэх чухал хэрэглүүр болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байна. Уг бүтээлийг англи, орос, герман, казах, солонгос зэрэг хэлнээ орчуулан хэвлэж, дэлхийн улс орнуудад Их эзэн Чингис хааны билиг сургаал, үйл хэргийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж буй юм.
Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Уг барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн юм. Улсын арслан Э.Батмагнайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” цом гардуулсан. 2024 оноос эхлэн эл шилжин явах цомыг түрүү бөхөд гардуулдаг болсон билээ.
С.Уул