Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах, Нийтийн өмчийн тухай хоёр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Эхнийх нь анх удаа боловсруулсан хууль бол удаах нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
Манай улсад төрийн болон орон нутгийн өмчит 6614 байгууллага байдгаас аж ахуйн тооцоот, арилжааны журмаар өөрийгөө санхүүжүүлдэг нь 109 компани. Эдгээрийг нийт 11 өөр нэгж удирдаж буй. Тэдний нэг болох Засгийн газрын ХЭГ-ын мэдэлд “Эрдэнэс Монгол”, “Эрчист Монгол” ХХК бий. Эл хоёр нь дотроо 20 гаруй компанийг багтаадаг. Төр хуушуур хийж, хувцас хүртэл оёж, оролцохгүй салбар үгүй болсон байна. Гэтэл үнэндээ нийт орлогынх нь ихэнхийг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг 4-5 компани бүрдүүлдэг, бусад нь ашиггүй ажиллаж, өр төлбөр л “үйлдвэрлэдэг” болж хувирчээ.
Төрийн өмчит, гол орлого бүрдүүлдэг хэдхэн компаниа эрх баригчид, өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгодоо ашигладаг, нэмээд эдгээрээр “мөнгө хийх”-ийг зорьсоор ирсэн нь нууц биш. Тэнд үргэлж улс төрийн зорилготой томилгоо хийдэг. ТӨК-иудын нийт орлогын 67.6 хувийг уул уурхайн салбар эзэлж буй. Тэгэхээр ТӨК бодит байдалд улс төрөөс хараат, нэг салбараас “уяатай”. Уул уурхайн салбарт савлагаа гарахад л эдийн засаг нь “сөхөрдөг” болсон байна. МАН эрх барьсан сүүлийн 10 жилд ТӨК-ийн тоо огцом нэмэгдсэнийг ч судлаачид онцлов. Энэ байдлыг цэгцлэх зорилгоор Засгийн газраас дээрх хоёр хуулийн төслийг өргөн барьж, ТӨК-ийг улс төрөөс салгаж, үр ашгийг сайжруулах ажиллагааг эхлүүлж буй. Гэвч өмчлөлийн бодлого нь тодорхойгүй байхад тоог цөөлж, захирал солиод үр дүн гарахгүй, төсөлд дутуу зүйл олон байна хэмээн судлаачид үзжээ.
АШИГ БА АЛДАГДАЛ
Юуны өмнө ТӨК-иуд улсын төсөвт ногдол ашиг, татваруудаар дамжуулан орлого төвлөрүүлдэг. Тэтгэвэр, эрүүл мэнд, төрийн албан хаагчдын цалин гээд төрийн олон зардлыг санхүүжүүлдэг. “Ковид-19”-ийн үед Засгийн газрын шийдвэрээр айл, өрхүүдийн цахилгааны төлбөрийг жил орчим хугацаанд хойшлуулж, үүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ээр “даалган”, 800 гаруй тэрбум төгрөг гаргуулсан түүх бий. Улс төрийн зорилгоор халамж, бэлэн мөнгө тараах болбол өнөөх хэдхэн “саалийн үнээ” рүүгээ ханддаг. Энэ мэтээр оноо авах гэсэн эрх баригч дын гэнэтийн шийдвэрийн ачааллыг эдгээр ТӨК үүрдэг нь нууц биш.
Тэгвэл өнөөдөр ТӨК-иудын байдал яг ямар байна вэ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ажлын алба, “Конрад Аденауэрийн сан”-тай хамтран өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр хуулийн төсөлд санал авах “ТӨК-ийн эзэн хэн бэ” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ТӨК-иудын өнөөгийн нөхцөл байдал, тэднийг цэгцлэхийн тулд хийж буй ажлыг танилцуулсан. Түүний илтгэлээс харахад улсын төсвийн орлого 2022 онд 17.1 их наяд, ТӨК-иудынх 14.6 их наяд төгрөг байжээ. Нийт орлогын 85.4 хувийг ТӨК-иуд, үнэндээ нэр бү хий 4-5-хан компани бүрдүүлсэн гэсэн үг. 2024 онд ТӨК-иуд төсвийн нийт орлогын 99.4 хувийг төвлөрүүлжээ. Ийнхүү бүтэн улсын төсвийн орлогыг ТӨК-иуд дангаараа бүрдүүлдэг болж буй нь хэт хамаарал, өндөр эрсдэл дагуулж байгаа г судлаачид дээрх хэлэлцүүлгийн үеэр онцолно лээ. Тэр хэрээр төсвийн нийт зардлыг ч тэд “эзлэх” нь тодорхой. 2020 онд 45 ТӨК алдагдалтай ажилласан нь нийт компанийнхаа 63.4 хувь байжээ. Гэхдээ эл тоо харьцангуй буурсаар 2024 онд 30 хувь болов. Нийт 80 компанийн 57 нь ашигтай, 24 нь алдагдалтай ажилласан гэнэ. Мөн нийт ТӨК-ийн өр 22.8 их наяд төгрөгт хүрчээ
Ямартай ч Засгийн газраас ашиггүй ажилласныг нь татан буулгах, нэгтгэх замаар цөөлж, цэгцэлж эхэлсэн аж. Спортын, геологи, уул уурхайн, авто замын зэрэг ижил чиглэлтэй 37 компанийг долоо болгон цөөлсөн байна. Дараагийн ээлжид 14 компанийг зургаа болгохоор ажиллаж байгааг Б.Цэнгэл дарга нь хэлнэ лээ. Ирэх онд алдагдалтай, ашиггүйг татан буулгаж, нэгтгэх замаар цэгцэлж, үлдсэн компаниудын үр ашиг, бүтээмжийг 30 хувиар нэмэх, орон тоог 10 хувиар бууруулах, өрсөлдөөнд суурилсан, бизнесийн зарчмаар ажилладаг болгохыг зорьсон гэнэ.
ӨМЧЛӨЛИЙН БОДЛОГО НЬ ТОДОРХОЙГҮЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД
Баасан гаргийн нэгдсэн чуулганы үеэр асуулгын цагаар гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдаас ТӨК-иудыг хувьчлах амлалтыг нь нэхэж, “ДЦС-3”-т яагаад бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилов, ТУЗ нь өөрөө асуудлаа шийдэх чадамжтай байх ёстой гэсэн юм. Ерөнхий сайд “Эрчим хүчний салбарын хоёр компанийг татан буулгасан. Эрчим хүчний түгээх компаниудыг олон нийтийнх “болгох”-оор ажиллаж байна. Аудит хийлгэж, IPO гаргах шаардлага хангах ёстой ч эдгээр нь зуун задгай учраас хэрэгжүүлэхэд хугацаа авч буй. Бидний өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах, Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ батлаад өгчихвөл БЭТ томилох асуудлыг үүнд өөрөөр зохицуулсан байгаа” гэв. Хуулийг нь хурдан батлаад өгвөл ТӨК-иудыг цэгцлэх ажил жигдрэх гээд байгаа гэнэ.
Тэгвэл судлаач, эдийн засагч А.Батпүрэв өмчлөлийн бодлого нь тодорхойгүй, төр аль салбарын, ямар компанийг, яагаад эзэмшиж, хэрхэн ажиллуулахаа нарийвчлаагүй атлаа хуулийн төслүүдээ өргөн барьчихсан хэмээн шүүмжилсэн. Тэрбээр “Манай эдийн засаг уул уурхайдаа түшиглэдэг, төрийн оролцоо хэт их, эдийн засгаа төрөлжүүлээгүй байна. ТӨК ашигтай байхаас үл хамааран төсвөөс татаас өгчихдөг. Энэ бодлого буруу. 100 төгрөг тутамд 90-95 төгрөгийн зардал гаргаж буйгаас харахад ТӨК-иуд үр ашиггүй ажиллаж байна” гэв. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл “ТУЗийн бүрэлдэхүүний гуравны хоёрыг төрийн байгууллагаас томилдог. Зарим компанийн ТУЗ-д сайдын туслах ч бий. Уг нь үүнд бизнесийн салбарынхныг түлхүү багтаах ёстой юм. Үнэндээ нэг төгрөг олохын тулд 1.2 төгрөг зарцуулж байгаа нь үнэн. Ажлаа улс төрийн биш, бизнесийн зарчмаар явуулахгүй бол хулгай салахгүй” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч “Сонгуулиар олонх болсон намаас “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон ТӨК-ийн даргыг томилдог. ТӨК-иудад улс төрийн нөлөөг бууруулах ёстой” гэж байлаа. Улс төрийн нөлөө, оролцоо хэт их байгааг оролцогчид бүгд л шүүмжилсэн.
ТӨР ЗӨВХӨН ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДСӨН САЛБАРТ ОРОЛЦДОГ
ХБНГУ-ын жишээг “Конрад Аденауэрийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк танилцуулав. Тус улсад ч төрийн болон орон нутгийн өмчит компаниуд бий, 2023 оны байдлаар тоо нь 117-д хүрчээ. Гэхдээ биднээс ялгаатай нь өмчлөлийн бодлого нь маш тодорхой. Тухайлбал, эдүгээ Германд төрийн эрхийг гурван нам хамтран барьж буй. Тэд эвслийн гэрээндээ төр ямар салбарт оролцож, компани байгуулахаа эхнээсээ тодорхойлж, заасан байна. Юуны түрүүнд зөвхөн олон нийтийн чухал эрх ашиг хөндөгдсөн үед төр зорилтот байдлаар оролцдог. Усны хангамж, хүнсний аюулгүй байдал, хог хаягдал бол тэдний хувьд стратегийн чухал салбар. Мөн хүн ам цөөн, алслагдмал, хувийн хэвшлийн компани ажиллаад ч ашиг олохооргүй бүс нутагт төрийн болон орон нутгийн өмчит компаниуд үүрэг гүйцэтгэнэ. Стратегийн салбар болох эрчим хүч, дэд бүтцийн хувьд мэдээж төр хяналтаа тавина. Хүнд, хэцүү нөхцөлд л төр хариуцлага үүрч, байдлыг сайжруулан засах үүрэгтэй.
Тухайлбал, Германы үндэсний агаарын тээврийн “Луфтханза” компани “Ковид-19”-ийн үед үйл ажиллагаа нь доголдсон байна. Хаа сайгүй хөл хорио тогтоож, улс орнууд хилээ хаасан учраас агаарын тээврийн компаниудын ашиг орлого буурсан хэрэг. Тиймээс Германы Засгийн газар тус компанийг аврах есөн тэрбум еврогийн хөтөлбөр баталжээ. Засгийн газар нь “Луфтханза” компанийн хувьцааг худалдан авч, санхүүгийн дэмжлэг үзүүлээд, 2022 онд буцаан хувьчилсан түүхтэй. Өөр нэг жишээ бол Германы төрийн өмчит KfW банк. Тус банкийг зөвхөн ашиг олох бус, улсын стратегийн зорилго, нийгмийн хөгжлийг санхүүжүүлэх зорилгоор байгуулжээ. Тиймээс 2020 он буюу цар тахлын үед Германы төр эл банкаар дамжуулан 50 тэрбум еврогийн зээл, батлан даалт, санхүүжилт олгох хэлбэрээр олон жижиг, дунд компанийг дампуурлаас аварч, ажлын байрыг хамгаалсан байна. Ийм улс төр, эдийн засгийн шийдвэрийг Бундестагаас гаргаж, хэрэгтэй цагт нь хариуцлагаа хүлээсэн гэсэн үг.
Гэхдээ улс юм хойно асуудал, шүүмжлэл бий. “Deutsche Bahn” хэмээх 100 хувь төрийн өмчит төмөр замын компанийн бүтэлгүйтсэн жишээ байна. XIX зуунаас хойш ашиглаж буй төмөр зам, дэд бүтцийн ихээхэн хэсгийг олон жилийн турш шинэчлээгүйгээс галт тэрэгнүүд төлөвлөсөн хугацаандаа барианд ордоггүй, алдагдал их байгаа, зарим вагоныг хэрэглээнээс гаргасан гэнэ. Энэ талаар төр хэтэрхий их оролцсоноос боллоо, эсвэл бага анхаарлаа гэх мэтээр олон байр суурийг тус улсын иргэд илэрхийлдэг аж. Гэхдээ тэд аль салбарт төр, хэзээ оролцох, хэзээ буцаагаад хувьчлахаа мэддэг. 2000 оноос эхлэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хувьчлах ажил өрнүүлсэн юм байна. ТӨК-иудын хувьд ашиг олох нь гол биш, ард түмэн нь эх орныхоо аль ч хэсэгт ижил нөхцөлд амьдрах ёстой, байдал хүндэрсэн үед л төр оролцож, сайжруулах, өөд татах үүрэгтэй гэсэн зарчим баримталдаг, үүнийгээ хууль, намуудын гэрээндээ тусгадгаараа онцлог аж.
Харин манайд хэрэгтэй үед нь ард түмэн, аж ахуйн нэгжүүддээ туслахын оронд эрх баригч нам, албан тушаалтнууд өөрсдийнхөө хэтэв чийг түнтийлгэх, эрх мэдлээ хадгалж, сонгуулиар санал авахын тулд ТӨК-иудыг ашиглаад явж байхыг хүсдэг нь нууц биш. Тиймээс ч төрийн шунал дийлдэхээ байж, эсрэгээрээ иргэдийнхээ бизнесийг булаасаар буй. Авсан салбар, компаниудаа ч өөдтэй удирдаж чадахгүй, өр төлбөрт унагадаг, үүнийг нь төсвийн мөнгөөр төлж, хамаг ачааллыг хэдхэн том компанидаа үүрүүлж байна. Мөн томоохон компаниудад өөрийн хүнээ томилж, “идэж уух” боломжоо бүрдүүлдэг. Г.Занданшатарын Засгийн газар өөрийн намын “цэцэглүүлсэн” ТӨК дахь хулгайтай тэмцэхээ зарлаж, түрүүчээсээ цөөнгүй нууц гэрээг ил болгосон ч нэг л “хүчгүй” байна. Тэдний ажлын дутууг сөрөг хүчний гишүүн Н.Алтанхуяг хийгээд явж буй нь ч анхаарах л сэдэв. ТӨК-иудыг цэгцэлж, хувьчлах тухай яриа 2020 оноос хойш эрчимтэй өрнөж буй. Өмнө нь Л.Оюун-Эрдэнийн танхимынхан энэ талаар ярьдаг байсан. Дээрх хоёр төсөл бол сүүлийн таван жилд өөрчлөхөөр оруулж ирсэн гурав дахь оролдлого аж. Ерөнхий сайдын хэлснээр УИХ өргөн барьсан төслүүдийг нь батлаад өгчихвөл ажил жигдрэх нь үү, харж байя.