УИХ дахь АН-ын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаа мэдэгдээд буй. Үүнийг татварын өршөөлийн гурав дахь “давлагаа” болох нь хэмээн шуугьж байна. Гэхдээ санаач лагч гишүүд “Энэ бол бидний хуулийн төсөлд тусгах багц үзэл санааны зөвхөн нэг хэсэг нь” хэмээн тайлбарласан. Оны эхний 11 сарын байдлаар 74 мянга гаруй аж ахуйн нэгжид 6.2 их наяд төгрөгийн татварын өр, хүү, алданги хуримтлагдсан нь өмнөх жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь өртэй байгаа нь тогтолцоо, бодлого буруу гэдгийг илэрхийлэл. Тэд бизнест ашиг олох бус, хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг сорилтыг туулсаар туйлдав. Гэвч Засгийн газар үнэнтэй нүүр тулахаас айдаг. Тиймээс ч Сангийн яамнаас “Татварын өршөөл үзүүлэхгүй” гэсэн мэдэгдэл гаргаж, үүний сул талыг ухуулжээ. Болохгүй байгаа тогтолцоогоо засах, хэрээс хэтэрсэн татварын ачааллыг хөнгөлөх талаар харин огт дурдсангүй.
БУРУУ БҮХЭН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙНХ
Эрх баригчид ийм л зарчмыг баримталж, өөрсдөөсөө бурууг холдуулдаг уламжлал тогтжээ. Улаанбаатарын утаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэхээр “Нүүрс түлж байгаа та нарын буруу”, түгжрэлээ шийдээч гэвэл “Иргэд явган алхахын оронд машин унаад байна”, шатахуун хомсдоод эрэл хайгуул болохоор “Хүн бүр машины банкаа дүүргэж, амиа хичээсний буруу” гэнэ. Одоо улсын орлого тасалдсанд төрөөс тогтоосон өндөр татварыг нь сүүлчийн хүчээ шавхан төлсөөр данс нь бүрэн улайсан аж ахуйн нэгжүүдийн буруу болж байна. Ингээд яаж ийж байгаад холбогдох албан тушаалтан, сайд нар, Засгийн газар ямар ч буруугүй болж үлддэг. Тэгээд гаргадаг шийдвэр нь хаах, хорих, хязгаарлах.
Эдүгээ улсын төсвийн орлого тасалдаад ирмэгц гааль, татварын байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн данс, тооцоог хааж, дур мэдэн мөнгө татаж, шалгалт оруулаад эхэлсэн байна. Тасалдсан орлогоо ийм замаар бүрдүүлэхээр хүч түрж буй бололтой юм. “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан энэ тухай цахим хуудсандаа “Төсөв хүндрэх гол шалтгаан нь аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байгаа гэхээс илүү төрийн данхар бүтэц, үрэлгэн зардал, ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн төлж буй татвар багадаагүй, харин төр төсвөө хүндрүүлчхээд одоо компаниудын үйл ажиллагааг зогсоох нь шийдэл биш баймаар” хэмээн бичжээ.
Үнэхээр аж ахуйн нэгжүүдийн төлж буй татвар нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Улсын төсөвт төвлөрүүлдэг татварын орлого жил бүр өсөж ирсэн нь үүний баталгаа. 2024 онд гэхэд татварын орлогоос улсын төсөвт 27.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Уг орлогын 60 гаруй хувийг цөөхөн ТӨК, томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн. Тиймээс төрийн бодлого тэднийгээ дэмжих, халамжлахад чиглэдэг. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд татварын дарамтад өртөж, дампуурах ирмэгт ирээд байна” гээд энэ бүхнээс гарах арга бол бизнесийн орчныг сайжруулах замаар эдийн засгаа тэлэх явдал хэмээсэн.
ӨРШӨӨЛ ГАРЦ МӨН ҮҮ
1990 оноос хойш манай улсад татварын өршөөлийг 2008, 2015 онд нийт хоёр удаа үзүүлсэн байна. Татварын өршөөлийн тухай 2008 онд баталсан хуулийг тухайн үед гишүүн С.Баярцогт тэргүүтэн санаачилжээ. Тэр үед л татварын систем гажуудсан тухай ярьж, засах оролдлого хийж байсан юм. Улмаар татварын өршөөл үзүүлснээр далд орлого, хөрөнгийг ил болгоно гэж үзсэн. Тэрбээр “Улс төрийн намуудын харьцаа ийм байгаа үед татварын өршөөлийн хууль батлах нь зөв. Аль нэг нам давамгай үед бол хэн нэгний захиалгаар шийдвэр гаргасан гэж хардана. Энэ бол улс төрийн шийдвэр” гээд, ингэхдээ татвар хураах, хянан шалгах үйл явцыг цогцоор нь шинэчлэхээр тусгаснаа ярьж байв. Тухайн үеийн парламентад МАХН 45, АН 28, ИЗНН нэг, бие даагч нэг төлөөлөлтэй байсан юм. АН-ын санаачилгаар “Дөрвөн 10-ын” хэмээх тодотголтой татварын бодлогын шинэч лэлийг энэ үед хийсэн. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулав. Үүгээр мөн л далд хөрөнгийг ил болгох замаар татварын тогтолцоон дахь алдааг засахыг зорьсон байна. Тэгвэл олон улсын байгууллагуудын зүгээс дээрх хоёр оролдлогыг “Үр дүн муутай байсан” хэмээн дүгнэжээ. Татварын орлого мэдэгдэхүйц нэмэгдээгүй, далд хөрөнгүүд ч хангалттай илрээгүй гэнэ. Мөн татвараа төлдөг иргэн, аж ахуйн нэгжүүдэд шударга бус, заримд нь өршөөлд хамрагдчихна гэсэн хүлээлт үүсгэдэг сул талтай.
Эндээс харахад АН-ынхан өмнөх хоёр өршөөлийг санаачилжээ. Бас татварын тогтолцоо асуудалтай байгаа, аж ахуйн нэгжүүд сөхөрч буйг тэд олж харж, засах оролдлого хийсэн нь сайн. Гэвч бодсон шиг нь далайцтай өөрчлөлт гарсангүй.
Өнгөрсөн 10 жилд татварын тогтолцоог сууриар нь засаж чадаагүй учраас хуульд оруулдаг “косметик засвар”-аар 7-10 жил л аргацаадаг аж. Ингээд л мухардалд ордог. Өнөөдөр нийт аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь татвараа төлж барахгүй, өртэй болсны учир ийм. Тиймээс АН-ынхан гурав дахь удаагаа татварын орчныг засах санаачилга гаргалаа. Тэд өмнөх туршлагуудаасаа юу сурав, энэ удаагийн оролдлого нь үнэхээр бодит үр дүн авч рах уу. АН-ын дарга О.Цогтгэрэл энэ талаар “Өмнөх өршөөлийн хуулиудад голдуу том аж аж ахуйн нэгжүүдийг хамруулсан нь сул тал болсон. Энэ удаа бид жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг түлхүү анхаарахаар зорьж байна. Төрийн өндөр албан тушаалтны хувь, оролцоотой компанийг үүнд оролцуулахгүй, тиймээс судалгаа хийж буй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 120 мянга орчим аж, ахуй нэгжийн 74 мянга гаруй нь татварын өртэй байна. Ганц хоёр аж, ахуй нэгж байсан бол өөрсдийнх нь хариуцлагагүйнх гэж хэлэх сэн. Гэтэл дийлэнх нь татварын өрийн дарамтад орж байна гэдэг нь системийн, тогтолцооны асуудал байна гэсэн үг. Ийм тогтолцоо зурчхаад нэг удаа өршөөснөөр төдийлөн үр дүн гарахгүй. Тогтолцоо нь муу учраас маргааш дахин өр хуримтлагдана. Тиймээс л үүнийг татварын суурь шинэчлэл, эдийн засгийн онцлогтойгоо уялдуулж өөрчлөх ёстой” гэжээ.
МАН “СААЛИЙН ҮНЭЭ”-НЭЭСЭЭ САЛАХЫГ ХҮСЭХГҮЙ
Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь, үүгээр аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрх татварын дарамтыг бууруулах даацтай өөрчлөлт гарахгүй нь. Өнгөрсөн хугацаанд байнга л өөрчлөлт оруулдаг хуулиудын нэг нь энэ. Ингэхдээ төсөв бүрдүүлэхэд л эдгээр засвар нь чиглэдэг гэхэд болно. Тиймээс л татварын тогтолцооны гажуудал бий болж. Татварын орлогын ихэнхийг НӨАТ, ААНОАТ-аас бүрдүүлдэг. Тиймээс ч аж ахуйн нэгжүүдийн өрийн ихэнхийг эдгээр татвар эзэлж буй юм. Өндөр татвар авдгаа НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгож нэмэх зохицуулалтаар аргалахаар Засгийн газар оролдож байна. Мөн 800 мянган төгрөгийн цалинтай иргэдийг ОАТ-аас чөлөөлнө гэжээ. Дундаж цалинг бол чөлөөлөхгүй нь. Тиймээс уг хуулиас өөрчлөлт хүлээгээд хэрэггүй тухай эдийн засагчид ярьж байна. Засгийн газраас НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьснаа ирэх оны аравдугаар сар хүртэл хойшлуулсан тухай УИХ-ын гишүүн Б.Жаргалан дуулгасан. Яриад байгаа ч сууриар нь өөрчлөх хүсэл эрх баригчдад алга. Учир нь төсвийн орлогын 80 гаруй хувийг татвараар бүрдүүлж буй. Тиймээс эл “саалийн үнээ”-нээсээ салахыг тэд хүсэхгүй. Мөн өөрсдийн зардал, тансаглалаасаа татгалзахын оронд төсвийн орлого дутвал татвар нэмээд л “шийдчихдэг” ганц аргатай. Сонгуулиар санал авахын тулд цалин, тэтгэвэр нэмэх хэрэгцээ гарвал мөн л “ганц дайчин” болох татварын орлогоороо зохицуулна. Нөгөө талд нь иргэд, аж ахуйн нэгжүүд дампуурч, татвар төлөх хүмүүсийн тоо буураад байгааг анзаарах сөхөө алга.
Ийм бодлоготой нам олонх байхад сөрөг хүчнийхний санаачилсан дээрх төсөл үр дүнд хүрэх, эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэргүүтний санаачилсан НӨАТыг таван хувь болгох хуулийн төсөл ч сураг алдарлаа. Үүнийг хэлэлцэх сонирхол алга л гэсэн үг. Хэрэв МАН-ынхан татварын өршөөл үзүүлж, тогтолцоог өөрчлөх Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг нь дэмжихгүй бол 2028 онд олонх болж ирж байгаад үүнийгээ ажил хэрэг болгоно хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл өөдрөгөөр өгүүлжээ. Судалгаа, тооцоотой, сууриар нь өөрчилнө гэсэн тэдний гурав дахь өршөөлийн “давлагаа” бусад олон санаачилгын адилаар “тоосонд дарагдаад” үлдэхгүй гэж найдна. Учир нь татвар бууруулах нь зайлшгүй шийдэл болчхоод байна.