Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хагас жил болж байна. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодит үнэнийг нууж, цаасан дээрх сайхан тоог дөвийлгөхөөс өөр ажил хийлгүй явсаар эдийн засгийг хүндрүүлж орхисон нь нууц биш. Түүний үлдээсэн “балаг”-ийг цэвэрлэж, уруудаж эхэлсэн хүндхэн эдийн засгийг сэргээх үүргийг Г.Занданшатар хүлээсэн юм. Тиймээс эхний гурван сард түүнээс хариуцлага нэхэх боломжгүй байлаа. Өмнөх жилүүдэд овоорсон буруу, булхайг гурван сарын хугацаанд цэгцлэх аргагүй учраас тэр. Засгийн газрын тэргүүн төрийн алба, засаглал, эдийн засгийн бүтэц, дижитал шинэчлэл гэсэн цогц бодлого дэвшүүлэв. Баялгийн хулгайн эсрэг тэмцэл, эдийн засгаа сэргээх нь зоосны хоёр тал хэмээн мэдэгдсэн. Харин одоо хагас жил өнгөрч, ажлын үр дүн гарч эхлэх хугацаа ирсэн учраас түүний танхим юу хийснийг асуух цаг нь болжээ. Тэр амласнаа хэрхэн биелүүлж байна вэ.
Төрийн албыг цомхотгоно гэсэн ч тэрбээр дэд сайдын албан тушаалыг сэргээлээ. Баялгийн хулгайтай тэмцэхээр нүүрсний 581 гэрээг ил болгоод л овоо зоримог ажиллаж явснаа сүүлийн сар гаруй чимээгүй болчхов. Зориг нь мохов уу, зорилго нь өөрчлөгдөв үү.
ХОЁР ТУЙЛТ ШИЙДЛҮҮД
Нүүрсний үнэ унаснаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг давахын тулд Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны төсвийн зардлыг 2.2 их наядаар танахаас ажлаа эхлүүлсэн. Энэ нь зайлшгүй хийх ёстой алхам байлаа. Мөн төрийн өмчид нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны долоодугаар сард онцгой дэглэм тогтоов. Ийнхүү хяналт тавьсны дүнд нүүрсний экспортын орлого сүүлийн хоёр сард 513.8 сая ам.доллар болж өсөн, гадаад валютын нөөц оны төгсгөлд долоон тэрбум “ногоон”-д хүрчээ. Энэ бол үр дүн мөн. Нүүрсний гэрээнүүдийг ч ил болголоо. Яг ингээд л цогтой ажиллаж явтал улс төр өрнөх нь тэр. Танхим нь байгуулагдаад 100 дахь хоногоо угтах үеэс л Г.Занданшатарыг огцруулах ажиллагаа МАН-ын дотоодод өрнөсөн юм. Тиймээс үндсэн ажлаа хийхээс илүү суудалдаа тэсэж үлдэхэд голдуу анхаарчээ. МАН-ын даргын сонгуулиас эхтэй бүлэглэлүүдийн талцал хоёр сар үргэлжилсэн. Тэр зуурт “Гэмт хэргийг эвлэрлээр хаацайлахгүй” хэмээн Ерөнхий сайд ч, түүний “цэрэг” ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч хатуу мэдэгдэж байлаа. Харин эрх баригч намынхан эвлэрэхтэй зэрэгцээд өнөөх баялгийн хулгайн тэмцэл нь бүдэгрээд явчихав. Сүүлийн сар гаруйн хугацаанд энэ тухай яриа хөөрөө бараг гарсангүй. Тиймээс эрх баригч намын даргын сонгуульд зориулсан хоёр сарын настай тэмцэл байсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Төсвийн хэмнэлтийг төрөөс эхлүүлнэ гэсэн ч “хоёр туйлт эмгэг”-ийн шинжтэй болоод ирсэн. Төрийн албан хаагчдын орон тоог Засгийн газар 14.4 мянгаар бууруулж, давхар бүтэц, үр ашиггүй зардлыг танан, 261 тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ. Мөн хамтарсан Засгийн газрын үед бий болгосон бүтээмжийн болон хяналтын 128 менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгов. Ингээд л зогссон бол олон нийт дэмжих байлаа. Гэтэл зөрүүлээд дэд сайдын албан тушаалыг сэргээж, 16 хүнд “бялуу” хүртээсэн юм. Менежерүүд жилд 30 тэрбум төгрөгийн цалин авдаг байсан бол дэд сайд нарт 414 сая төгрөг л зарцуулна, 20.6 тэрбум төгрөг хэмнэхээр боллоо гэв. Дэд сайд нарыг дагалдах туслахын орон тоо, бусад эрх ямбын зардлыг харин ярьсангүй.
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хувьчлах ажлыг Засгийн газар эхлүүлснээ мэдэгдэв. МИАТ, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг 18 компанийн төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгох гэж буй. Үр ашиггүй төрийн өмчит компаниудыг татан буулгах, чиглэл ижил заримыг нь нэгтгэх зэргээр цэгцлэх эл санаачилгыг нь олон нийт ч дэмжиж байна. Гэхдээ баялгийн хулгайн тэмцэл шиг замаасаа бүдгэрчих вий гэсэн болгоомжлол бий.
АН-ЫНХАНТАЙ ТОХИРОЛЦСОН УУ
Дэд сайдын албан тушаалыг сэргээснийг нь сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, улмаар Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Үүний тулд нийт гишүүний дөрөвний нэг буюу 32 хүний санал авах хэрэгтэй. Гэтэл 42 гишүүнтэй УИХ дахь АН-ын бүлгийнхэн энэ талаар нэгдэж чадаагүй бололтой. АН-ын дарга О.Цогтгэрэл “32 гишүүний гарын үсэг цуглуулсан. Гэхдээ бид шаардлагаа эхлээд МАН-ын бүлэгт өгсөн” гэсэн авцалдаагүй зүйл ярьсан. Үнэхээр л гарын үсэг бүрдсэн, бас огцруулах шаардлага нь үнэн байсан бол энэ тухай саналаа УИХ-д өргөн барих ёстой, МАН-ын бүлэгт биш. Гэтэл тэгээгүй нь хардлага дагуулав. Сөрөг хүчнийхний хөдөлгөөнийг Г.Занданшатар зүгээр хараад суухгүй нь мэдээж. Тиймээс тэрбээр АНынхантай Засгийн газрыг нь 2027 он хүртэл оролдохгүй байх тохироо хийсэн тухай мэдээлэл гарч байна. “Хөзөр” нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хувьчлах асуудал бололтой.
Арванхоёрдугаар сарын 31-ний хуралдаанаараа Засгийн газраас “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө” баталсан. Өөрөөр хэлбэл, үүнийг “Засгийн газар дараачийн 300 хоног тогтвортой ажиллана” гэж уншиж болно. Огцруулахгүй, өөрсдөөр нь оролдохгүй гэдэг тохиролцоогоо хийчихсэн хүн л ийм итгэлтэй байна биз ээ.
Г.ЗАНДАНШАТАРЫН “ПОПРОЛ”
Тэр УИХ-ын гишүүн биш, намынхаа дарга ч бус. 2024 оны сонгуулиар хангайн бүсэд өрсөлдөөд ялагдчихсан. Сонгуульд ялагдсан хүнийг Ерөнхий сайдаар томиллоо хэмээн намынхан дотор нь дургүйцсэн хүн ч олон. Тиймээс ч “сул” тэргүүнтэй Засгийн газар урт наслахгүй гэсэн таамаглал анхнаас нь л дагасан. Үүнийг батлах мэт хагас жилийн хугацаанд хоёронтоо сануулга аваад байна. Нэг удаа “огцорч”, тэгснээ бүрэн эрхээ сэргээлгэсэн. Оны өмнө сөрөг хүчний зүгээс огцруулах сануулга хүлээж авлаа. Намаасаа ч, парламентаас ч дэмжлэг муутай, зүүний үзүүр дээр суусан, хаашаа ч, хэзээ ч өнхөрчихөж мэдэх эмзэг байдал нь Г.Занданшатарын хамгийн том сул тал юм. Хагас жилийнхээ ихэнх хугацааг албан тушаалтайгаа үлдэх “хор найруулахад” зарцуулсан энэ нь үүний баталгаа. Зай завсраар нь дээр дурдсан зарим ажлыг урагшлуулжээ.
Өмнөх Ерөнхий сайдтай харьцуулбал түүнд нэг том давуу тал бий. Энэ бол нээлттэй байдал. Хэрүүл маргаан хийх, аливаа улс төрийн шийдвэр танилцуулах үедээ сэтгүүлчдэд нээлттэй мэдэгдэл хийчхэж байна. Цахим сүлжээг бол тултал ашигладаг Ерөнхий сайд. УИХ-ын дарга байхаасаа л тэрбээр рийлс хэмээх богино бичлэгээр дамжуулан пиараа хийдэг болсон байлаа. Энэ уламжлалаа эдүгээ ч үргэлжлүүлж, гоё гоё рийлсээр “бөмбөгдөж” буй. Фэйсбүүкт “Ерөнхий сайдын хуудас” хэмээх чат ажиллуулж, гаргасан шийдвэрээ цаг тухайд нь танилцуулдаг. Харин түүний пиар хэтэрчих гээд байдаг гэмтэй. Уг нь нийгмийн сүлжээний “сурталчилгаа”ндаа анхаарахын оронд бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх ажилдаа илүү төвлөрч, хэлбэрийг бус, агуулгыг чухалчилбал илүү гоё харагдана.
Нөгөө талаар тэрбээр өмнөх Ерөнхий сайдын зарим муу туршлагыг ч үргэлжлүүлсэн. Магад энэ нь МАН-ынхны сурсан зан ч байж мэдэх. Нийгмийн сүлжээгээр өөрийгөө хамгаалсан пиар ажиллагаа өрнүүлэх, эсрэг дуугарсан хүмүүсийг хууль, шүүхийн байгууллагаар сүрдүүлдэг хар технологийг ч Г.Занданшатар давтаж буй. МАН-ын даргын сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөх сураг гармагц түүний баруун гар болох Ц.Чулуунзагдыг барьж хорьсон нь үүний жишээ. Мөн хэтэрхий “поп” Ерөнхий сайд гэдэгтэй олонх иргэн санал нийлэх болов уу. Иргэдээ сонсдог, эгэл жирийн хүн болгох гээд пиарчид нь ч хэтрүүлээд байх юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллах үед нь бага насны охин Ерөнхий сайдтай уулзаж, ЭМДС-гийн санхүүжилт зогссоноос болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тухай ярьсан бичлэгийг бид үзсэн. Тийм бага насны хүүхэд ЭМДС, санхүүжилтийн талаар мэдэн ярьж буй нь “тавилттай” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм. Хүүхдээр биш, ээжээр нь яриулсан бол арай амьдралд ойр болох байв. Энэ мэтээр жүжиг, “попрол” нь хэтрээд байна.
Үнэхээр л баялгийн хулгайтай тэмцэхээр шийдсэн бол албан тушаал, бүлэглэлийн эрх ашигт хүлэгдэлгүй, тууштай байх ёстой. Гэвч тэгж чадсангүй. Замын голоос эргэж буцсан, эрч нь буурсан хандлага гаргаж, урам хугалах болов. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл буюу 2027 он болтол суудалдаа тэсэх нь л Г.Занданшатарын туйлын зорилго болжээ. Ийм хандлагаар ажиллавал таны дэвшүүлсэн уриа шиг шинэ итгэл, эрс шинэчлэлийн “үнэр” ч гарахгүй нь.