БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, мал аж ахуй, газар тариалан, самар савлаж зарах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дунюань” ХХК-ийн хөрөнгийг луйвардсан хэрэгт холбогдсон тус улсын иргэдийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Уг хэрэгт өмнөд хөршийн хоёр иргэн холбогдсон бөгөөд тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсгийн “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. БНХАУ-ын иргэн Ч.Ю, Ю.Ш нар “Дунюань” компанийн 74 хувийн хувьцааг хуурамч баримт бичиг ашиглан нэр дээрээ шилжүүлэн авсан аж. Ингэснээр тус компанийн үүсгэн байгуулагчид 694.4 сая төгрөгийн хохирол учруулсныг цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ.