Арьсны төрөл бүрийн халдвар, харшил, өвчин, эмгэгийг улсын хэмжээнд ганцхан АӨСҮТ-д төвлөрүүлдэг нь хүлээгдэл, чирэгдэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Тэгвэл Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн арьс, харшлын оношилгоо, эмчилгээг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаараа мэдээллээ. Ингэснээр II шатлалын түвшинд уг үйлчилгээг нэвтрүүлсэн анхны эмнэлэг болж буй юм. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийнхэн “Арьсанд харшлын сорил тавих нь” сэдэвт өдөрлөг, мэдээлэл хүргэх уулзалт, сургалтыг өчигдөр зохион байгуулсан. Энэ үеэр иргэдэд арьс, харшлын сорил тавьж, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө хүргэжээ.
Нэгдсэн эмнэлгийнхэн арьсны зонхилон тохиолдох өвчнүүд, нарны, тоосны, ургамлын зэрэг улирлын чанартай харшлын оношилгоо, эмчилгээг өнгөрсөн оноос хийж, үйлчилгээндээ нутагшуулсан юм байна. Тус эмнэлгийн арьс, харшлын их эмч Б.Жавзмаа “Харшлаас урьдчилан сэргийлэх анхдагч, хоёрдогч, гуравдагч хүчин зүйл гэж бий. Анхдагч нь тухайн хүнийг харшлаар огт өвчлүүлэхгүй байх, хоёрдогч нь нэгэнт харшилтай болчихсон бол юуных гэдгээ заавал оношлуулж, түүнээсээ зайлсхийх, эцэст нь хүндрэхээс нь урьдчилан сэргийлэхэд эмчилгээг чиглүүлэх ёстой байдаг” гэсэн юм.
О.Ундрах