“Про” театрынхан Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, тус улсын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжгийг өнөөдрөөс олны хүртээл болгож байна. Тус бүтээл нь бичигдсэн даруйдаа олны анхаарлыг татаж, зөвхөн Орос төдийгүй дэлхийн тайзнаа олонтоо тавигдсан шилмэл зохиол юм.
Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн тайзнаа энэ сарын 15-ныг хүртэл толилуулах эл жүжгээр өсвөр насны хүүхдүүд болон эцэг, эхийн харилцааны асуудал, цахим орчны нөлөө, итгэлцэл ба хууралтыг голчлон хөндөх аж. Өөрөөр хэлбэл, хотжилт тэлж, амьдралын хэмнэл өөрчлөгдөн, өсвөр насныхны цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед энэхүү жүжгийн сэдэв, түүх нь үзэгчдэд дэндүү ойрхон бөгөөд тайзан дээрээс өөрийгөө болон ойр дотнын хүнээ хөндлөнгөөс харах, нөхцөл байдлыг нь мэдрэх боломжийг орчин үеийн театрын хэлээр дамжуулан хүргэхээрээ онцлогтой.
У.Цэцэгсүрэн