Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутаг, Хужирт гэх газарт өнгөрсөн сарын 21-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн бол 27-нд Ховдод мөн илэрчээ. Улмаар аймгийн мал эмнэлгийн газрынхан үзлэг хийж, сорьцыг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид илгээхэд Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний шинэ төрлийн SAT-1 омог болох нь батлагдсан байна. Иймд Баян-Өлгий, Увс аймгийн хоорондын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Мөн Ховдоос Баян-Өлгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаав. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар баруун, зүүн, төвийн бүс нутгаас ирэх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг тавдугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 1 хүртэл хязгаарлах, хурдан морины бооцоот уралдаан, овоо, тахилга, ургийн баяр зохион байгуулахыг хоригложээ.
Гоц халдварт шүлхий өвчин одоогоор БаянӨлгий аймгийн Алтай, Өлгий, Ховдын Булган, Үенч сумд дэгдээд байна. Баян-Өлгийд таван айлын 500 гаруй бод, бог мал, нохойг устгалд оруулжээ. Мөн Улаанбаатар, Баян-Өлгий чиглэлийн хот хоорондын тээврийг зогсоосон нь хүнсний нийлүүлэлтэд хүндрэл үүсгэж буй аж. Өчигдрийн байдлаар Ховд аймгийн Булган, Үенч сумын дөрвөн голомтод 100 гаруй үхэр шүлхийгээр өвчлөөд байв. Тус аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл “Өвч ний тархалт, хүрээ нэмэгдэж буй учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үенч сумд энэ сарын 1-нд халдвар батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоолоо. Малаас малд халдварлаж, хүн, тээврийн хэрэгсэл зөөвөрлөгч болж байна. Малчид мэдээлэл өгөхгүй, нууж буй тул тандалтаар илрүүлж байгаа” гэв. Баян-Өлгий аймаг ч хорио цээрийн хатуу дэглэм тогтоож, Өлгий, Бугат, Алтай сум чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хаасан юм. Байнгын хяналтын пост ажиллуулж, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын алба хааг чид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал халдваргүйтгэл хийж буй аж.
SАТ-1 хэв шинжийн вирус өмнө нь Африк, Ойрх Дорнод болон ОХУ, БНХАУ-д гарч байжээ. Уг халдвар Монголд анх удаа бүртгэгдсэн, сэргийлэх вакцин байхгүй, нөхцөл байдал хүнд, тархах эрсдэл өндөр байгааг аймаг, сумын Засаг дарга нар анхааруулсан юм. Засгийн газраас эл төрлийн халдвараас сэргийлэх вакциныг оруулж ирэхээр судалж буй аж. Тухайн малчны хотонд нэг мал өвчлөхөд л бүгдийг нь устгалд оруулах хуулийн заалттай тул урьдчилан сэргийлэхийн тулд малынхаа шилжилт хөдөлгөөнийг хянах, гаднаас мал худалдаж авахгүй, өвчний шинж тэмдэг илэрвэл нэн даруй тусгаарлах, голомтын бүсээс мах, сүү, түүхий эд зөөвөрлөхгүй байхыг албаныхан анхааруулав.
Ч.Болор