“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн БаянӨлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбект холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэргийг АТГ-ынхан өнгөрсөн нэгдүгээр сард шалгаж эхлээд түүний үйлдлийг илрүүлсэн юм. Улмаар тухайн үед Баян-Өлгийд хоёр, Улаанбаатарт гурван объектод нэгжлэг хийж, үнэт эдлэл, багагүй хэмжээний гадаад валют хураан авсан байдаг.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, өдгөө 100 хувь БНХАУ-ын иргэдийн эзэмшилд очсон “Эс жи групп” ХХК-ийнхан Цагаан овоот уулын алтны уурхайдаа 2023 оны наймдугаар сарын 4-нд Эрчим хүчний яам (ЭХЯ)-наас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан. Гэвч барилга угсралтын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ уг ажлыг дуусгаж, холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж авсан юм.
Үүнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек эрх мэдлээ урвуулан нөлөөлж, “Эс жи групп” ХХК-ийнханд давуу байдал бий болгосон аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжийнхэнтэй М.Кадирбекийн хамаарал бүхий компани 2022 онд 47.2 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон гэнэ. Тиймээс М.Кадирбект Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.