
АНУ-ын Иргэншил, цагаачдын алба (USCIS) ногоон картыг олгох шинэ журмыг зарлав. Одооноос эхлэн АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл (ногоон карт) авахыг хүссэн гадаадын иргэд өргөдлөө батлагдах хүртэл тус улсаас гарах ёстой гэж Associated Press мэдээлэв.
Үүнд түр хугацаагаар оршин суух визтэй гадаадын иргэд, тухайлбал оюутнууд, жуулчид, түр ажиллагсад хүртэл "онцгой нөхцөл байдлаас" бусад тохиолдолд ногоон карт авахын тулд эх орондоо буцах шаардлагатай болжээ.
Өмнө нь АНУ-д хууль ёсоор оршин сууж буй гадаадын иргэд тус улсад байнгын оршин суух зөвшөөрөл авах бүх явцыг туустал тус улс дотроо амьдран ажиллаж болдог байв. Эл журам 50 гаруй жилийн турш хэрэгжиж ирсэн юм.
Харин дээрх “онцгой тохиолдолд” гэдэгт "эдийн засгийн ашиг тустай эсвэл үндэсний ашиг сонирхолд нийцсэн өргөдөл гаргагчид" орох болно гэж USCIS-ийн нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ.
USCIS-ийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, USCIS-ийн мэргэжилтнүүд тэдгээр “тохиолдол” бүрийг шалган шийдвэр гаргах юм байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдэгдэж буйгаар шинэ журам "хуулийг дагаж мөрдсөн өндөр мэргэшсэн болон туршлагатай мэргэжилтнүүдэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй” аж.