Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор С.Янжинсүрэнтэй нийгмийн сэтгэл зүй, ёс зүйн асуудлаар ярилцлаа.
-Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Нийтийн албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал нийгмийн сэтгэл зүйг эмх замбараагүй болоход хамгийн ихээр нөлөөлж байна. Төр засгаасаа үлгэр дуурайл нь эхлэх ёстой гэж бодох юм?
-Монголын өнөөгийн нийгмийн сэтгэл зүй таагүй байгаад төрийн алба, ялангуяа төрийн улс төрийн албан тушаалтны замбараагүй байдал нөлөөлж буй нь үнэн. Ард иргэд урьд урьдынхаасаа илүү үнэнийг эрэлхийлж, ил тод байдал, шударга ёсыг нэхэж, нөхцөл байдлыг хэрсүү бөгөөд бодитоор мэдэрч, шүүмжилж, дуу хоолойгоо соёлтойгоор илэрхийлдэг болсныг олон жил төрийн албанд ажилласан хүний хувьд анзаарч, бас олзуурхаж байгаа. Ард түмний энэ шаардлага, хүсэл сонирхлыг төр засаг анхаарахгүй байж болохгүй.
Өнгөрсөн жил Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан даруйдаа төрийн албыг тодорхой хэмжээнд эмх цэгцэд оруулах, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулж байлаа. Тэрхүү ажлын хэсэгт миний бие орж ажиллахдаа “Төрийн жинхэнэ албанд тодорхой хугацаанд ажилласан дадлага, туршлагатай хүмүүсээ улс төрийн албан тушаалд дэвшүүлэн томилж байхгүй бол төрийн албаны эмх цэгц, эрэмбэ дараа, ёс зүй, хэм хэмжээ алдагдаж, мэргэшсэн төрийн албагүй болж, улмаар төрийн нэр хүндийг унагаж байна” хэмээн саналаа хэлсэн.
Хоёр жил орчмын өмнө батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн стандартаар манай төрийн албаныхны мөрдөх ёс зүйн хэм хэмжээг илүү нарийвчилж, чангатгасан.
Энэ стандарт, соёлыг хамгийн сайн мэддэг, сахидаг, үлгэрлэдэг, олон жилийн дадлага туршлагатай хүмүүсээ “улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдлөө, шинэ засаг байгуулагдлаа” гээд ажлаас нь чө лөөлж, халж, сольж, түдгэлзүүлээд байхаар мэргэшсэн төрийн албагүй болохын зэрэгцээ төрийн албаны ёс зүйг алдагдуулсаар байгаа. Төрийн албаны тухай хуулиар төрийн өндөр албан тушаалтан гэдэг нь төрийн улс төрийн албан хаагч шүү дээ. Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга, гишүүд болон Засгийн газрын тэргүүн, кабинетын гишүүдтэйгээ бүгд л төрийн улс төрийн албан хаагчид. Тиймээс улс төрчид төрийн жинхэнэ, тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын нэгэн адил Төрийн албаны ёс зүйн тухайн хууль, стандарт, дүрэм, журмуудыг мөрдөж, хэрэв зөрчвөл тэд гээрт заасан хариуцлагыг хүлээх учиртай. Гол нь мөрдөх ёстой. Ялангуяа төрийн албан хааг чийн тангарагт ёс зүйн алдаа гаргавал хариуцлага хүлээхээр туссан байдаг. Харин улс төрийн албан хаагчдын, өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүү дийн тангарагт ёс зүй нь хасагдсан байдаг. Их сонирхолтой.
-Харин тийм. УИХ-ын гишүүний тангарагт “Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэдэг. Уг нь “ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээнэ” гэж баймаар.
-УИХ-ын гишүүний тангарагт “ёс зүй” гэдгийг яагаад ч юм оруулаагүй юм билээ. Гишүүд ёс зүйгүй байж болно гэсэн хэрэг биш нь тодор хой. Хуулийн хувийн хэрэгт нь сайн үзвэл яагаад оруулаагүй талаар бичсэн байж болох юм. Ер нь үзмээр юм байна. Түүнчлэн ёс зүйг хуульчлах шаардлагагүй гэж хүртэл зарим хүн ярьж байгаа. Ёс зүйг нэлээд доогуур үнэлж байгаа харагддаг. Гэтэл хүн чинь ухамсартай, тодорхой зорилготой зүйл ажиллагаа явуулдаг цорын ганц амьтан шүү дээ. Герман, Франц, Япон АНУ, Канад, Англи, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос гээд олон орон Төрийн албаны ёс зүйн хуультай. Сайн судалбал өөр ч олон орныг нэрлэж болох байх. Парламентын болон Засгийн газрын гишүүдээсээ эхлээд тө рийн шат шатны албан хаагч бүр соёлтой, ёс зүйтэй, эмх цэгцтэй байх тухай асуудлыг л эдгээр улс орны Төрийн албаны ёс зүйн тухай хуульд тусгасан байдаг. Энгийн асуудал шүү дээ. Манай ард иргэд ч үүнийг сүүлийн үед маш ихээр хүсэж, шаардах болоод байна.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцээд байгаа парламентын гишүүд ёс зүйн зөрчил гаргахгүй байхад биш, хууль, дүрэм зөрччихөөд хариуцлагаас мултрахдаа анхаарч, ач холбогдол өгөөд байх шиг.
-Манай парламентын гишүүд төрийн улс төрийн албан хаагчийнхаа хувьд Төрийн албаны ёс зүйн тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн стандарт, дүрэм журмаа мөрдөх үүрэгтэй. Хууль тогтоох дээд байгууллагад ард түмнээ төлөөлж ажиллаж байгаа төрийн албан хаагчид өөрсдөө ямар ямар хууль, дүрэм, журам мөрдөж ажиллах ёстойгоо мэддэг л байж таарна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд гурван л агуулга бий. Нэгдүгээрт, ёс зүйн зөр чил гаргасан бол, хоёрдугаарт, ажлаа хийхгүй бол, гуравдугаарт, хууль зөрчвөл УИХ-ын ги шүүнээс нь эгүүлэн татах тухай асуудлыг хөндсөн. Тухайлбал, парламентын гишүүн хүн ажлаа ядаж 30 хувь хий гэдэг шаардлага тавьсан гэхээр аргаа барсан шаардлага байгаа биз. Чуулгандаа сууж, хууль батлах нь гишүүдийн үндсэн ажил учраас 30 биш, 100 хувь гүйцэтгэх ёстой, уг нь. Хэрэв бид ажлаасаа хоцорч, тасалбал бусад байгууллагын ажилтан албан хаагчид хариуцлага хүлээнэ. Ер нь юу болох билээ. Аль ч салбарт, ямар ч байгууллага, хувь хүнд ажлаа таслахгүйгээр үл барам, үр бүтээлтэй сайн хийх, хууль, дүрэм зөрчихгүй байх, ёс зүйн код, стандартыг шаардана. Байдаг, цаашид ч байх энгийн л шаардлага.
-Сурагчид хүртэл хичээлээсээ хоцорч, тасалбал дүнгээ гаргуулж чаддаггүй шүү дээ. Гэтэл ичих булчирхайгүй улс төрчид хүүхдүүдээс долоон дор загнаж байна. Ийм улс яаж ирээдүй хойчдоо үлгэрлэх вэ?
-“Адуу тарна гэж азарга тавьдаг, айл тарна гэж аав байдаг” гэж нэг үг бий. Энэ бол нийгэмд эмх цэгц, дэс дараа, ёс зүй, дэг жаяг чухал болохыг илэрхийлсэн үг. Амьдралаас урган гарсан шиг байгаа юм. Олон нийтэд ил байдаг хүмүүс үлгэр дуурайлгүй байхаар хүүхэд, залууст хүртэл үр дагавар нь шууд тусаж байна. Эрээ цээргүй байдал газар авах тусам нийгмийн ёс зүй бүхэлдээ доройтож, дунд сургуульд хүртэл үе тэнгийнхний үл ойлголцлоор, хүчирхийллийн хэлбэрээр илэрч байх шиг. Ёс зүйг хуульчлах хэрэггүй гэхээр арга ч үгүй биз. Ёс зүйтэй, ёс суртахуунтай байх хэрэггүй гэж насанд хүрэг чид үзэх болжээ хэмээн ойлгож байгаа байх. Өсвөр насныхан нэгнээ шоглож, элдэв янзын бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тавина гэж айлган сүрдүүлэх явдал их болсон шиг байна. Охид нэгнийхээ өмдийг тайлж бичлэг хийн, дарамтална гэдэг монгол хүний, ялангуяа эмэгтэй хүний ой тойнд багтамгүй зүйл. Ийм увайгүй, ёс зүйгүй байдлыг таслан зог сооход томчуудын үүрэг, эцэг эхчүүдийн хариуцлага, нөлөө асар их. Нийгмийн сүлжээнд олон дагагчтай мундаг хүн болох гээд янз бү рийн авир, үйлдэл гаргаж, замбараагүй байдал үзүүлчхээд гэртээ очихоороо үр хүүхдэдээ хэрхэн үлгэрлэх вэ гэдэг асуудал байна. Энэ бол ноцтой үзэгдэл. Үр хүүхэд нь тэднийг яаж хү лээж авах вэ гэдэг бол туйлын эмзэглүүштэй. Магадгүй зарим хүүхэд эцэг эхийнхээ энэ мэт ааш авираас болоод их хүч мэдэрдэг шиг. Тийм ч учраас үе тэнгийнхнээ дээрэлхэх, ёс зүйгүй үйлдэл гаргахыг хэвийн зүйл шиг бодох, хандах байдал газар авах шинжтэй байна. Уг нь нийгмийн хамгийн анхан шатны нэгж болох гэр бүлд аав, ээж нь хэн байх, ах эгч, дүү нь ямар байх тухай монголчууд эртнээс сургаж зааж ирсэн, тогтсон соёлтой ард түмэн шүү дээ. Хүн ахтай, дээл захтай л гэдэг.
УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУД “ЁС ЗҮЙ ЧУХАЛ БИШ” ГЭЭД БҮХНИЙГ ЭМХ ЦЭГЦГҮЙ, ОЙЛГОМЖГҮЙ БОЛГОДОГ
-Ёс зүйтэй улс оронд хуульгүй байсан ч нийгэм нь сахилга хариуцлагатай байдаг гэдэг. Дээрээ ёс зүйг хуулиар мөрдүүлэхийг оролдож байна. Доошлоод гэр бүл, анги хамт олон дунд үүнийг төлөвшүүлэх явдал хэр байна гэж та хэлэх вэ?
-Хэдийгээр ёс зүй нь философийн ухааны нэгэн салбар боловч хууль өөрөө ёс зүйн суурьтай байдаг. Саяхан би Ламжав гуайн ярилцлагыг сонсож байхад “Хууль бол ёс зүйн схем” гэж оновчтой хэлж байсан. Ялангуяа эрүүгийн хууль бол ёс зүй суурьтай хууль. Жишээ нь, ёс зүйд юу сайн, муу болох, ямар үйл нь зөв, буруу вэ, яавал чи нэр төрөө алдах, ямар тохиолдолд алдар хүндийг олох юм гэдгийг авч үздэг. Ёс зүйн хувьд худал хэлэх, хулгай хийх нь буруу үйл байдаг бол Эрхүүгийн хуульд гэмт хэрэг болж, ял онооно. Өөрөөр хэлбэл, ёс зүйд буруушаагдаж байгаа үйлүүд хуульд бол хүнд, хөнгөнөөрөө ангилагдаад тохирсон тохирсон ял оноодог. Ёс зүйтэй байж, ёс суртахууны хэм хэмжээ, ёс зүйн стандартыг сахиж, хууль, дү рэм мөрдөх тухай ярина. Ёс зүй үнэ цэнтэй биш гэчхээд яаж хууль хэрэгжүүлэх билээ. Ёс зүйн асуудлыг бид хүүхэд багачууд, за лууст гэр бүлийн хүмүүжлээс нь эхлээд бо ловсролын байгууллагаар дамжуулан тасралт гүй олгох учиртай. Иргэний боловсрол гээд хичээл байна. Тэнд ёс зүйн асуудлуудыг ярьж байгаа. Гэхдээ товчхон. Ийм тохиолдолд бусад хичээлийн агуулгаар, тухайлбар унших материал, уран зохиолын хичээлээр үүнийг бататгаж байх ёстой. Тухайлбал, монгол хэл, бичгийн хичээлд “худал хэлбэл чи нэр төрөө алдана, найз нөхөдгүй болно” гэх мэтээр ёс зүйн асуудлыг тусгаад, заагаад байвал хүүхдүүд суралцаад л байна. Унших бичиг гэж чухал хичээл ордог байх үед монгол хүүхдүүдэд үндэснийхээ соёлын дэвсгэрийг оюун тархинд нь үүгээр дамжуулан бат суулгахын зэрэгцээ зөв хүн байх тухай, ёс суртахууны хүмүүжлийг давхар олгож, төлөвшүүлдэг байсан юм билээ. Тэр хичээлийн ачаар хүүхдүүд зөв, түргэн уншиж сурахаас гадна уншиж ойлгосноо зөв илэрхийлж ярьж, бичиж сурдаг, бас хүмүүждэг байв. Гэтэл энэ чухал хичээлийг оруулахаа больж, хүүхдүүдэд юу уншуулах, ямар агуулгыг чухалчлах тал дээр манай боловролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага учир дутагдалтай хандаж байх шиг санагддаг. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн шалгалтад оруулсан сэдэв өсвөр насны хүүхдүүдэд ёс зүйн хувьд үнэхээр зохимжгүй агуулгатай гэдэгтэй би санал нэг байгаа. Тархины урд хэсэг буюу хүн өөрийгөө удирдах төв нь 25 нас хүрч байж бүрэн гүйцэд хөгждөг гэж биологийн шинжлэх ухаанд үздэг. АНУ-ын Нийгмийн даатгалын тухай хуульд хүн 26 нас хүртлээ эцэг, эхийнхээ эрүүл мэндийн даатгалыг ашиглах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Хэдийгээр эдийн засаг, орлого нь бэхжээгүйтэй холбоотой ийнхүү хуульчилсан гэдэг боловч бас олон шинжээч биологийн талаас нь анхаарсан гэж хэлэх нь ч байдаг л юм. Шинжлэх ухааны су далгаагаар хүн 25нас хүртлээ өөрөө өөртөө бүрэн эзэн болж, хариуцлагатай, ухамсартай шийдвэр гаргах түвшинд хараахан очоогүй байдаг байна. Тиймээс бид 18 нас ч хүрээгүй хүүхдүүдийнхээ боловсрол, хичээл сургалтын агуулгад хайнга, хариуцлагагүй хандах эрхгүйгээр үл барам тэдэндээ сургаж, үлгэрлэж, араасаа дагуулж байх үүрэгтэй гэсэн үг. Нийгэм, нийтийн өмнө хийж буй үйлдэл бүрдээ томчууд бид хариуцлагатай, хянамгай байх ёстой. Бидний үг, үйлдэл бүр ил байгаа, хүүхдүүд маань намайг, биднийг харж, сонсож байгаа. Хүнийг тархи нь удирддаг шиг нийгэм ч дээрээсээ, удирдлагаасаа үлгэрлэж хөгжих ёстой. Гэтэл хүүхдүүд “Ингэж яривал, ийм этгээд гаж байвал хүний анхаарлыг өөртөө татдаг, илүү тоогддог юм байна” гэсэн буруу үлгэр дуурайл авч байгааг насанд хүрэгчид бид ан хаарах л ёстой. Ер нь байгууллага бүр дэргэдээ ёс зүйн хороотой, Монгол Улсын төрийн албаны хэмжээнд Ёс зүйн 3000 гаруй дэд хороо бий. Бүгд л төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, стандарт, тус тусын байгууллагын ёс зүйн дүрэм, журмаа мөрдүүлэх чиг үүрэгтэй, ийм л бодлогыг хэрэгжүүлдэг. Гэтэл төрийн албаны хамгийн дээр ажиллаж буй хүмүүс нь “Ёс зүй чухал биш, хэзээ ч хуульчилж болохгүй” гэж ярьж, бүх зүйлийг ойлгомжгүй болгодог.
-Ёс зүйн хороод юу хийдэг вэ гэдэг нь тодорхойгүй байна. УИХ-ын ёс зүйн дэд хороо гэхэд зарим гишүүнтэйгээ холбоотой зөрчил, гомдлыг хэлэлцэхгүй өнөөг хүрсэн. Энэ механизм яагаад ажиллахгүй байна вэ?
-Монгол Улсын төрийн албаны ёс зүйн хорооны харьяанд олон дэд хороо ажилладаг тухай дээр хэлсэн. Төрийн албаны бүх байгууллагын дэргэд 5-9 хүний бүрэлдэхүүнтэй ёс зүйн дэд хороо ажиллаж байдаг. Дэд хороо бүр жилийн ажлын төлөвлөгөө батлаад, ёс зүйн асуудлаар ажилтан, албан хаагчдадаа сургалт явуулдаг юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэхэд өнгөрсөн жил “Ёс зүйн үндсэн ойлголт, дүрмүүд” сэдвээр сургалт зохион байгуулж, сертификат олгосон. Энэ жил “Нийгмийн ёс зүй” сэдвээр бүх ажилтандаа сургалт хийхээр төлөвлөсөн. Төрийн жинхэнэ албан хаагчид ажлаа чин шударгаар хийх ёс зүйтэй орчныг эрэлхийлж, хүсэж байгаа нь тэр сургалт дээр ажилтнуудын зүгээс гарч байгаа асуултуудаас харагддаг. Гадаадад сурсан, олон хэлтэй, тэргүүн туршлагатай гэх мэт шалгуураар төрийн улс төрийн албанд гэнэт тохоон томилогдсон хүмүүс төрийн албаны ёс зүйн дүрэм, зарчим, хэм хэмжээг үл тоож, тэс хөндлөн гүйж байгааг төрийн жинхэнэ албан хаагчид зөвшөөрч чадахгүй байна. Яаж ч зөвшөөрөх билээ. Жишээ нь, саяхан Ж.Баясгалан гишүүн “УИХ-ын гишүүд дотор хүртэл үе тэнгийн дээрэлхэлт байна шүү” гэж ярьж байгааг сонслоо. Хууль тогтоох байгууллагад нь нөхцөл байдал ийм байгаа бол өсвөр насны хүүхдүүддээ бид яаж “Та нар ингэж, тэгэж болохгүй, үе тэнгийн дээрэлт байх ёсгүй” хэмээн шаардлага тавьж, хариуцлага ярих билээ. Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс өөрсдөө ийм замбараагүй, тархай бутархай, хоорондоо хэрэлдэж, хэлэх хэлэхгүй үгээр биесээ гутаан доромжилж, бүр гэмт хэрэгт холбогдсоноо сайн сайхан зүйл хийсэн мэтээр ил цагаан зарлаад явахаар юуных нь манлайлал байх вэ.
-Хариуцлагагүй эрх мэдэл яван явсаар нийгэмд ямар аюул учруулдаг юм бэ?
-Маш чухал асуулт. “Бариулгүй хутга их аюултай” гэж миний авга ах хэлдэг юм. Бариулгүй хутгаар юм хэрчих гэвэл бид гараа гэмтээнэ биз дээ. Хариуцлагагүй, ёс зүйгүй удирдлага, төрийн албатай байх нь бариулгүй хутга мэсээр зорилгодоо хүрэх гээд зорж, хэрчиж байгаатай адил. Тиймээс эрх мэдэл ёс зүй, хариуцлагагүй байх тусмаа аюултай.
БУСДААС БОЛОН ӨӨРӨӨСӨӨ ИЧИХЭЭРГҮЙ АМЬДРАХ ЁС ЗҮЙ ХҮНД Л БИЙ
-Нийгмээрээ ичих мэдрэмжээ гээгээд ирэхээр нөгөө ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёсны гол зарчим болох эрх мэдлийн хяналт-тэнцвэр алдагдаж, гажуудал руу гулсаад байх шиг ээ.
-Энэ бол яах аргагүй миний мэргэжил рүү хөтөлж байна. Би буддын философийн сэдвээр философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Буддын гүн ухаанд, ёс зүйд ичгүүр, сонжуур гэсэн хоёр категорийг хамтад нь авч үздэг. “Би буруу зүйл хийчихлээ. Миний нэр төр гутлаа даа” хэмээн бодож, бусдаас ичиж, эмзэглэхийг ичгүүр, харин “Ийм зүйл хийдэг би яасан ичгүүртэй вэ” хэмээн өөрөөсөө ичиж гэмшиж, өөрөө өөртөө ёс зүйн хариуцлага тооцохыг сонжуур гэдэг. Бусдаас болон өөрөөсөө ичихгүй амьдрах, ёс зүйтэй байх гэдэг нь хүний амьтнаас ялгарч байдаг чухал хэдхэн шинжийн нэг. Бусдын болон өөрийнхөө өмнө “Би буруу, таагүй зүйл хийчихлээ, нэр төрөө алдлаа” гэж гэмших, эмзэглэх, ичих мэдрэмжгүй хүн байна гэдэг харамсалтай. Ер нь хүмүүжил, соёл гэр бүлээс эхтэй, хамгийн түрүүнд гэр бүлийн орчинд хүүхдүүдэд олгох ёстой. Ялангуяа эмэгтэйчүүд бид бол гэр бүлийн сурган хүмүүжүүлэгчид, жаахан цааш нь яривал “нийгмийн ээж” нар шүү дээ. Өрх гэрт төдийгүй, нийгэмд сахилга бат, дэг журам, ёс зүйг сахиулдаг гол хүмүүс нь ээж байдаг. Монгол айл, өрх бүр ийм л явж ирсэн. Манай гэр бүл, миний ээж ч тийм л байдаг. Ёс зүйн хариуцлага нэхдэг гол хүмүүс ээж нар. Энэ сайхан уламжлал одоо ч байгаа. Гол нь тийм эерэг, сайхан хүмүүсийн үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал шүү гэдгийг хэлье.
-Бас бурхны шашин монголчуудын энэрэнгүй сайхан сэтгэлийг уудалж гаргах, дэлгэрүүлэхэд чухал гэдэг. Сэтгэлийн боловсрол гэдэг хүний хүмүүжил, төлөвшилд ихээхэн үр нөлөөтэй гэдэг юм билээ.
-Яалт ч үгүй бурхны шашинтай улс орнуудын дунд Монголын буддистууд онцгой чухал байр суурь эзэлнэ. Буддизм бол хүн төвтэй, тэр тусмаа ёс зүйд суурилсан шашин, соёл, гүн ухаан. Товчхондоо бурхны шашинд яавал сайн хүн болох вэ, үүний тулд сэтгэлийг нь хэрхэн тогтоон төлөвшүүлэх вэ гэдгийг л судалж, сургадаг. Хүн төвтэй энэ соёлыг Японы эрдэмтэн Такокусу “Буддизм нэг бол нарыг харж байгаа хүнийг, эсвэл хүнд харагдаж байгаа нарыг ярьдаг” хэмээн тодорхойлсон нь бий. Заавал хүнтэй, хүний сэтгэлтэй холбодог л гэсэн үг. Нар хүнд янз янз харагдаж болно. Зарим үед хүний сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад нартай өдөр ч бүүдгэр санагдаж болох шүү дээ. Тэгэхээр монголчууд ийм олон жил ёс зүйн сургаал дагнасан үзэл санааг хөгжүүлж, баримталж ирсэн мөртлөө XXI зуунд үүнийгээ гээж болохгүй. Гэхдээ манай залуус эцэг, эх болсон хойноо эргээд юу зөв, юу буруу билээ гэдгээ эргэж хардаг онцлогтой. Харин цаашдаа гэрлэлтийн нас хойшилж буйг анхаарахаас өөр аргагүй. Ёс зүйд суурилсан ийм сургалтын агуулгыг боловсролын бүх шатны байгууллага анзаарах хэрэгтэй. Гэрлэх ёслолын ордонд уг нь ийм төрлийн сургалт явагддаг байвал их зүгээр. Манай философийн хөтөлбөр бүх их, дээд сургуульд ордог ч ёс зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цөөн сургуулийн нэг нь манай Монгол Улсын Их Сургууль. Харин мэргэжил бүр ёс зүйтэй холбогдох учир бүх их дээд сургуульд тухай тухайн мэргэжлийн ёс зүйн хичээл ордог байх. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулийн хөтөлбөрийн агуулгад ёс зүйн асуудлыг харьцангуй боломжийн хэмжээнд үздэг. Харин буддын ёс зүйн хувьд Гандан тэгчэнлин хийд, Жавзандамба хутагт төв, Их хөлгөний уламжлалыг хадгалах төв зэрэг байгууллага буддын сэтгэл заслын арга, мэдлэг, ухааныг түгээн дэлгэрүүлж байгаа. Мэдээж энэ сайшаалтай хэрэг. Дэлхийн олон орны их, дээд сургуульд энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, АНУ-ын Эмори их сургуульд хэрэгжүүлдэг “Нийгмийн ёс зүй, нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлд суралцахуй” хөтөлбөрийг манай Философи, шашин судлалын тэнхим 2018 онд оруулж ирж, холбогдох төрийн бус байгууллагатай хамтран нэвтрүүлсэн байгаа. Уг хөтөлбөрийн сурах бичгийг бид орчуулж, Дели хотноо нээж байлаа. Хүүхэд, залуус сэтгэл хөдлөлөө хэрхэн зөв удирдаж, нийгмийн харилцаанд яаж орох ёстой, түүнд нь ёс зүй ямар үүрэгтэй вэ гэдэгт анхаардаг уг хөтөлбөрийг Энэтхэгт найман орны хэлээр зэрэг нээсэн үйл явдалд оролцож байлаа. Түрүүн хэлсэнчлэн бид үр хүүхдээ 25 нас хүртэл нь ёс зүйн төлөвшил, хүмүүжилд нь анхаарч, сэтгэл зүйн дархлаатай, зөв үзэл санаа, ухамсартай иргэнийг нийгэмд бэлтгэн нийлүүлэх явдал чухал байна.
-Та хэвлэл мэдээллийн үүрэг чухал гэдгийг онцолсон. Олон нийтийн хяналт, оролцоог сайжруулахын тулд мэдээллийн үнэн бодит хийгээд ил тод байдал чухал. Гэвч Монголын сэтгүүл зүй энэ үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийнхэнд ард түмэн итгэдэг гэж боддог. Би ч сэтгүүлчдэд итгэдэг. Жишээ нь, “Өнөөдөр” сонин, “Өдрийн сонин”-д ийм асуудал хөндсөн нийтлэл хэвлэгджээ гэхэд “Заа, худлаа даа” гэж харах нь цөөн шүү. “Өө, энэ чинь ийм юм болсон байх нь ээ” гэж эргэцүүлдэг. Тэгэхээр сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл худлаа байх боломжгүй, алдаатай мэдээлэх эрхгүй гэсэн үг. Хамгийн хариуцлагатай хүмүүс бол та нар шүү дээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХУВИЙНХААСАА ЯМАГТ ДЭЭГҮҮР ТАВИХ ЁСТОЙ
-Хувь хүн бүрийн ажиллах, амьдрах арга барил өөр. Нөгөөтээгүүр, мэргэжил болгонд баримтлах ёс зүйн хэм хэмжээ, зарчим гэж бий. Мэргэжлийн ёс зүйгээ баримтлаад л яваад байх уу, эсвэл “хүний л амьдрал шүү дээ” гээд сайн хүн байхаас хааяа татгалзах уу гэдэг асуулт, сорилттой бид бишгүй тулгардаг. Өнөөгийн нийгэмд бол мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд “сайн хүн” гэдэг имижийг аваачаад “наах” нь холгүй болсон. Ийм үед хувь өөртөө л шүүгч байх уу?
-Энэ маш эмзэг асуудал л даа. Хүн эхээс төрөөд, хөхөө амлаад ээжтэйгээ харилцаж эхэлснээр бие хүн болж төлөвших анхны суурь тэндээс эхэлдэг. Цаашлаад нөгөө бие хүн чинь гэр бүлийнхэн, цэцэрлэг, сургуулийн ангийнхантайгаа харилцаад хүрээлэл нь өргөждөг. Бусдынхаа сайн сайхны төлөө санаа тавин анхаарч, нэг нэгэнтэйгээ дасан зохицож амьдрахыг бие хүнээс шаарддаг. Нөгөө талд нь хувь хүний орон зай гэж чухал юм бий. Хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил, орон зайд халдана гэдэг бол хамгийн бүдүүлэг, аймшигтай зүйл. Тухайлбал, манай нийгэмд хамгийн түгээмэл илэрч байгаа маш зохисгүй зүйл нь бие биеэ ялгаварлан гадуурхах явдал гэж хардаг. Нэгнээ нас, хүйс, өнгө зүс, боловсрол, хөрөнгө чинээ, ажил, мэр гэжил, өмсөж зүүснээр нь ялгаварладаг. Өнгөрсөн зууны эхнээс авхуулаад хүн төрөлхтөн зэвсэг барьж тэмцсээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдлыг бүр мөсөн халчхаад байхад манайхан буцаад ухарч болохгүй шүү дээ. Монгол Улс бол Ази тивд хамгийн анхны Үндсэн хуультай болсон орнуудын нэг. Гэтэл манайд нэг нэгнээ яаж ийгээд л ангилах, ялгаварлах, гадуурхах үзэгдэл байсаар. Олон улсад ийм нөхцөл байдлыг зохицуулахын тулд хүний хөгжлийн индекс гэж тогтмол гаргаж, нээлттэй танилцуулдаг. Хүний хөгжлийг хэмждэг эдийн засгийн ойлголтын гурван гол хэмжүүр бол эхнийх нь эрүүл мэнд буюу дундаж наслалт, удаах нь боловсрол, сүүлийнх нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн. Үүнийг үндэсний нийт бүтээгдэхүүн ч гэдэг. Өнөөдөр энэ гурван хэмжүүрийг тус бүрд нь нарийвчлаад,жендерээр хувааж үздэг болсон. Монголд гэхэд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээсээ 9-10 насаар дутуу байдаг.
Ус, цахилгаан эрчим хүчний хэрэглээ ямар байгаагаар нь хүртэл хүний хөгжлийг хэмждэг болсон. Гэтэл манай улс сүүлийн жилүүдэд байнга л “цахимжина” гэж ярьдаг. Цахим технологийн хөгжлөөрөө монголчууд өдгөө дэлхийд тэргүүлнэ үү гэхээс хоцроогүй. Гэтэл эрчим хүчний хэрэглээ ямар байгаа билээ. Цахилгаан, эрчим хүч нь гаднаас хараат байгаа цагт бид хэчнээн цахимжаад яах вэ. Гар утсаа цэнэглэж чадахгүй бол хэчнээн хэрэгтэй сайхан аппликэйшн суулгаад ч нэмэргүй. Хүний хөгжил, соёл, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сайн сайхан гээд ярихад цаана нь заавал эдийн засаг, дэд бүтэц дагалдана. Үүний тулд төр төсөв санхүүгээ зөв хуваарилж, мэргэшсэн төсөвчдөөр хяналтаа сайн хийлгэж, арвилан хямгадах ёстой. Манайд мөнгө байхгүй биш, бий. Харин түүнийг зөв захиран зарцуулах нь чухал. Тиймээс төрд ажиллаж байгаа хүмүүс үүрэг хариуцлагаа байнга ухамсарлах учиртай. Нийгмийн харилцаанд баримталдаг тодорхой зарчмууд гэж бий. Сайн муу, зөв бурууг ялгах хэмжээсээс эхлээд шударга ёсны, хариуцлагын, хүнлэг ёсны, нийтийн ашиг сонирхлын, эрх чөлөө, үүргийн гээд олон шаардлага, хэм хэмжээсийн “хайрцаг” дунд төрийн албаныхан ажилладаг. Төрийн бүх шатны албан хаагчид хүнлэг чанар, нийтийн эрх ашгийг хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Ганчимэг