Хятадын эх газрын компаниудыг олон улсын хөрөнгө оруулаг чидтай холбодог Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) өнгөрсөн II улиралд түүхэн дээд хэмжээний өндөр ашигтай ажилласан байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд тус хөрөнгийн биржийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт гэнэ. Хиймэл оюуны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Хонконгод IPO хийх (компанийн хувьцааг анх удаа олон нийтэд санал болгох, биржид бүртгүүлэх) сонирхол дээшилсэн, хөрөнгө босгох болон арилжаа идэвхжиж, клирингийн үйл ажиллагаа нэмэгдсэн нь үүнд голчлон нөлөөлсөн аж.
Эл тайланг олон нийтэд дамжуулсны дараа тус компанийн хувьцааны ханш даруй 2.4 хувиар нэмэгдэж, нэг долоо хоногийн дээд түвшин болох 414.60 хонконг долларт хүрчээ. HKEX-ийн гүйцэтгэх захирал Бонни Чан хэвлэлийн бага хурлын үеэр “Энэхүү өсөлтийн цаана хөрөнгө оруулагчдын Хятадын эдийн засгийн ирээдүйд итгэх итгэл бий. Бидний цаашдын гол зорилго бол сахилга баттай ажиллаж, энэ эрчээ хадгалах” хэмээв. Тус улсын технологийн болон дэвшилтэт үйлдвэрлэлийн компаниуд Хонконгод хөрөнгө босгох явдал өссөнтэй холбоотойгоор биржийн бүртгэлийн хураамж эхний хагас жилд 36 хувиар нэмэгдэж, 590 сая хонконг долларт хүрсэн байна. Мөн эхний хагас жилд 87 компани бүртгүүлж, нийт 212 тэрбум хонконг долларын хөрөнгө босгосон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 94 хувиар дээшилсэн үзүүлэлт бөгөөд HKEX IPO хийх замаар хөрөнгө босгодог албан ёсны дэлхийн хоёр дахь том зах зээл болсон аж.
Д.Хэрлэн