Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд төлөвлөсөн гол арга хэмжээнүүдийн нэг болох “Хотын дарга нарын чуулга уулзалт” өнгөрсөн баасан гарагт боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хабитат болон Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаанууд байгууллагаас хамтран зохион байгуулсан уулзалтад 33 улс, 24 хот, олон улсын 51 байгууллагын төлөөлөл оролцов.
Ногоон дэд бүтцийг нэмэгдүүлэх замаар хэт дулаарлыг бууруулах, усны аюулгүй байдлыг хангаж, хомсдолоос сэргийлэх, “цаг уурын дүрвэлт” буюу цөлжилт, газрын доройтлоос улбаатай шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тулгарч байгааг хотын удирдлагууд энэ үеэр хөндөөд, илүү зоримог, шийдэмгий алхам хийх уриалга дэвшүүлсэн юм. Хурлаар дэлхийн хотуудын газрын тогтвортой менежмент болон ган гачигт тэсвэртэй байдлыг сайжруулах хамтын амлалтыг баталгаажуулав. Мөн “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталлаа. Ингэснээр хотууд өөрийн нутаг дэвсгэр дэх газрын доройтлыг хэмжиж, НҮБ-д тайлагнах арга замыг турших сайн дурын хөтөлбөрийг манай улсын манлайлал дор хэрэгжүүлэх эхлэл тавигдав. Энэхүү тунхаглалыг COP17-гийн өндөр түвшний, нэгдсэн хуралдаанд танилцуулснаар албажих аж. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хотыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь цаг үеийн шаардлага хэдий ч экосистемд хохирол учруулахуйц ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ олон улсын байгаль орч ны томоохон хурлын индрээс илэрхийллээ. Тэрбээр “Туулын хурдны замыг хуучин баталсан трассын дагуу бариулахгүй. Туул гол дагуу байгалийн эсрэг, экосистем рүү халдсан ямар ч ажил хийлгэхгүй” гэв.
Н.Мишээл