Киргизстаны Бишкек хотод зохион байгуулж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд Монголын тамирчид хүч сорив. Гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 53 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хагас шигшээд Эквадор улсын Лусия Йепез Гузманыг илүүрхэн, алтан медалийн төлөө нутаг нэгт Г.Отгонжаргалыг 8:0-ээр буулган авч . Хүрэл медалийн төлөөх барилдаанд Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа өмнөд хөршийн Жиан Мэйинийг цэвэр ялж, шагналын тавцанд зогсов. Энэ удаа 62 кг-ын жинд зодоглосон бөхчүүдээс Гавьяат тамирчин П.Орхон аваргын төлөө Европын хошой аварга Украины Илона Прокопевниукт 3:8-аар ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм.
Жингийнхээ хүчтэнүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлж, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Германы Луиза Хелга Нимешийг 8:3-аар яллаа. Тэгвэл 68 кг-д үндэсний шигшээ багийнхнаас Азийн АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Э.Дэлгэрмаа Токиогийн олимпын хүрэл медальт, “Осло-2021” дэлхийн аварга, эзэн орны Мээрим Жуманазароваг 2:1-ээр хожиж, аваргын төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн хошой аварга БНХАУ-ын Жоу Фенд 5:14-өөр ялагдаж удаалсан юм. Бишкекийн дэвжээнд хүч үзсэн эрэгтэйчүүдээс 97 кг-д ОУХМ Ө.Батзул,125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл өрсөлдөгчдөө ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.