Ираны Тегеран хотод болсон Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн хурлаар “Ханжоу-2022 Азийн IV пара наадмын бэлтгэл ажлын явц болон “Нагояа-2024”, “Парис-2024”, “Ташкент-2025” паралимпын наадмын зохион байгуулах хорооны тайланг хэлэлцжээ. Тус улсын спорт, залуучуудын сайд Хамид Сажади уулзалтын үеэр Засгийн газар нь эмэгтэй тамирчдыг спортод оролцуулахаар онцгойлон анхаарч буй талаар дурдсан байна. Тэр үеэр Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бамбар дамжуулагчаар тус хороог төлөөлж оролцох эрхтэй болсон юм. Мөн Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах шилдэг тамирчин, шилдэг төслийг сонгон шалгаруулах шүүгчээр Ази тивийг төлөөлж сонгогдов. Шилдэг төслийн номинацид шалгарсан баг тамирчдыг есдүгээр сард болох арга хэмжээний уулзалтын үеэр зарлах аж.