Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын комплайнсын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор “Комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2024 онд баталсан. Энэхүү аргачлалыг таниулж, нэвтрүүлэх зорилгоор даатгагч, хөрөнгө оруулалтын менежментийн компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын эрх бүхий албан тушаалтнуудад “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийг үнэлэх нь” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр байгууллагуудын комплайнсын эрсдэлийг үнэлэх аргачлал болон “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилт, мөнгө угаах, терроризмтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгч, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Харин дараагийн сургалт, хэлэлцүүлэг тавдугаар сарын 17, 24-нд болох бөгөөд итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулна.
Комплайнс нь хууль тогтоомжийг дагаж мөрдөх, түүнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж буй эсэхийг баталгаажуулдаг аж. Комплайнсын эрсдэлийн үнэлгээг хийснээр эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, удирдах ач холбогдолтойгоос гадна эрсдэлээс сэргийлэх арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.