АНУ-ын ойрын зайн гүйгч Ш.Ричардсан Южин хотод болж буй олимпын сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, Парисыг зорих эрхээ авлаа. Тэрбээр 100 м-ийн гүйлтэд 10,71 секунд гүйж, энэ улирлын шилдэг амжилтын эзэн болсноор олимпын наадамд анх удаа оролцох гэж буй юм. Энэ жил 24 настай Ш.Ричардсон 2021 оны Токиогийн олимпод оролцох байсан ч сэргээшийн шалгалтад бүдэрснээр боломжгүй болсон билээ. Шакарри 100 м-ийн зайд дэлхийн аварга цолыг эзэмшиж буй юм.
Түүнээс гадна Парисын олимпод 100 м-ийн зайд АНУ-аас М.Жефферсон (10.80 секунд), Т.Терри (10.89 секунд) нар оролцоно. Харин эрэгтэйчүүдээс 2023 оны дэлхийн аварга Н.Лайлз 9.83 секундийн амжилтаар олимпын эрхээ өвөртөллөө. Энэ нь түүний хувийн дээд амжилт юм. МөнК.Беднарек (9.87 секунд), Токиогийн олимпын дэд аварга Ф.Керли (9.88 секунд) нар энэ зайд улсаа төлөөлөн Францыг зорих болжээ.