Олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд Б.Энххүслэн, эрэгтэйчүүдийнхэд Б.Энхтамир оролцоно. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос Монголд олимпын хоёр эрх олгож, өрсөлдөх тамирчдыг баталгаажуулсан байна. Амжилтынхаа чансаагаар хамгийн өндөр оноотой сэлэгчдийг оролцуулах дүрмийг баримтлан сонгоход Б.Энххүслэн жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл түүний дүү Б.Энхтамир усанд сэлэлтийн тэмцээнээс цуглуулсан оноогоороо болзол хангаснаар Францад хөл тавих нь. Сонирхуулахад, МҮОХ, Дэлхийн усан спортын холбоо болон Олон улсын олимпын хорооны “Olympic solidarity” хөтөлбөрийн хүрээнд Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагчдын сургалтыг танхимын сургалт болон бассейны дадлага гэсэн төрлөөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэ сарын 30-нд өндөрлөх эл сургалтыг Дэлхийн усан спортын холбооны сургагч багш Кан Онсой удирдаж байгаа юм. Сургалтад орон нутгийн усан спорт сургалтын төв, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг холбооны гишүүн клубүүдийн 30 дасгалжуулагч хамрагдаж буй.