Өмнөд хөршийн Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хөшгөө нээж, 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх тус наадамд манай улс тамирчдаа илгээв. Монголын багийн тэмцээний салхийг Б.Баяр, Г.Энхзаяа нар кёрлингийн холимог хосын төрөлд хагалсан. Тэд эл төрөлд оролцож буй 11 улсаас Хонконг, Тайвань, Япон, Кувейтийн багийнхантай нэг хэсэгт багтжээ. Манайхан эхний хоёр тоглолтоо Кувейт, Японы шигшээтэй хийсэн бол дараагийнхыг нь Тайвань, Тайландын багтай өрнүүлэх юм. Монголд кёрлингийн спорт холбоо 2013 онд байгуулагдаж, 2022 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулан, Б зэрэглэлийн өсвөр үеийнхний ДАШТ-д тамирчдаа оролцуулж байв. Насанд хүрэгчдийн төрөлд олон улсын анхны томоохон тэмцээн нь Азийн өвлийн спортын наадам болов.
Кёрлингийн тэмцээний дараа манай тамирчид уулын, гүйлтийн цана, шорт, биатлоны төрөлд өрсөлдөхөөр дээрх хотод хөл тавилаа. Энэ удаагийн наадмын нээлтийн ёслол маргааш болно. 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадмын албан ёсны төрөлд багтсан ски маунтингийн төрөл “Харбин-2025”-д дебютээ хийх нь. Скимо буюу ски маунтинг нь өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг. Италид зохион байгуулах “Милан, Кортина-2026” өвлийн олимпын 25 дахь удаагийн наадмын үзүүлэх спортын төрөлд багтаад буй. Үүгээр хичээллэдэг тамирчид хад чулуу, цас мөс, бартаа даваа ихтэй замаар уулын оргилд мацаж, уруу цанатай гулгадаг. Харбин хотын Ябули цанын баазад 9-12-нд болох ски маунтингийн төрөлд 10 улсын 49 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон холимог хосын буухиа төрөлд гурван багц медалийн төлөө хурд сорих аж.
1986 онд анх удаа зохион байгуулсан өвлийн спортын наадамд Монголын тамирчид тасралтгүй оролцохдоо өмнө нь нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. “Саппоро-1990” наадмаас гүйлтийн цанын буухиад хүрэл, “Чанчүнь-2007”-д уулын цанын төрөлд хүрэл, 2011 онд Казахстанд болсон VII наадамд хоккейчид бөмбөгтэй хоккейн төрөлд мөнгө, цаначид цанын зүг чиг олох төрөлд дөрвөн хүрэл медаль авсан юм.