Хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногт ногдол ашиг хуваарилах, эсэхээ хэлэлцэн шийдвэрлэж, дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж дуусган, 15 хоногт багтаан Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнах журамтай. “Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй 46 компани энэ жил 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар зарласнаас одоогоор 32 нь олгоод буйг тус хорооноос мэдээлэв. Нийт компаниудын 70 орчим хувь нь хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хүртээсэн гэсэн үг. Хувьцаат компаниудын тараах ногдол ашгийн мөнгөн дүн 2025 онд нэг их наядад хүрсэн. Энэ нь 2020 оныхоос 6.5, өнгөрсөн жилийнхээс 1.8 дахин өссөн дүн юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд өнгөрөгч онд 535 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан билээ.
Ж.Энх