Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцсэн анхны хурлаа өчигдөр хийлээ. Уг хурлаар гадаад, дотоод нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэж шийдвэрлэжээ. Банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн ч гадаад зах зээл тодорхой бус байгаа энэ үед макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухлыг дурдлаа. Дотоодод хэрэглээний зээлийн өсөлт саарсан ч бизнесийнх өндөр түвшинд хэвээр байгаа аж. Тиймээс хэрэглээний зээлийн чанарт анхаарал хандуулах шаард¬лага бий гэнэ. Санхүүгийн зах зээлийн цахим шилжилт, хөгжилтэй уялдуулан зээлийн мэдээллийн тогтолцоог илүү боловсронгуй болгож, зээлдэгч байгууллагуудаас мэдээлэл цуглуулах, шинэчлэх, мэдээлэл солилцох ажлыг сайжруулж, зээлийн эрсдэлийг хязгаарлах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжин ажиллахыг дурдлаа. Макро зохистой бодлогын шийдвэр гаргах хурлыг цаашид жилд хоёр удаа зохион байгуулахаар болсныг Төвбанкнаас мэдээллээ.
С.Дулам