Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өчигдрийн хурлаар хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, давхардсан бүтэц, зардлыг бууруулж, нэгтгэн, нэгдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Үүний хүрээнд үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг Монголын үнэт цаасны клирингийн төвтэй нэгтгэн, нэг байгууллага болгосныг СЗХ-ноос мэдээллээ. Түүнчлэн Даатгалын тухай болон Төрийн, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу дотоодын даатгалын компаниудын гаргах баталгааны дээд хэмжээ дөрөв дахин нэмэгдэж, давхар даатгалын оролцоотойгоор бүх төрлийн баталгаа гаргах боломж бүрдсэнийг дурдлаа.
С.Дулам