Энэ долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөгөөс давж, өнгөрсөн оны эл үеийнхээс ес орчим хувиар өсөн, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 1991 онд байгуулагдсан тус биржид бүртгэлтэй компаниудын тоо, арилжааны хэмжээ болон зах зээлийнх үнэлгээ нь ийнхүү 35 жилийн хугацаанд тогтмол өсөн, өдгөө хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд зэрэг олон бүтээгдэхүүн гаргасан аж. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь манай улсын ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэж буй. Тэгвэл ирэх таван жилд ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь, зах зээлийн үнэлгээгээ 30-35 их наяд төгрөгт хүргэхээр зорин ажиллаж байгаагаа МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ дурдлаа.
Одоогоор тус биржийн зах зээлийн үнэлгээг бүрдүүлэгч, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 165 компани байна. Эдгээрээс 30 нь 11.4 орчим их наяд төгрөгийн үнэлгээнд хүрч, 94.2 хувийг нь бүрдүүлжээ.